top banner

Оёдлын үйлдвэр ашиглалтад орсноор 60 хүнийг ажлын байраар хангана


2017-09-06 10:44:48
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэр технологийн паркын дэргэдэх оёдлын үйлдвэрийн барилгын ажил ид үргэлжилж байна. Барилгын карказ бүрэн боссон, одоогоор хана болон шал цутгалтын ажил хийгдэж байгаа юм. Үйлдвэрийг энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд 60 орчим хүнийг шууд ажлын байраар хангах аж.

Анх тус үйлдвэрийг наймдугаар сарын 15-нд ашиглалтанд оруулна гэж байсан ч хөрөнгө санхүүгийн улмаас тодорхой хугацаагаар ийнхүү хойшилж, товлосон хугацаанаас хойш барилгын ажил эхэлжээ. Одоогоор барилгын гүйцэтгэл 50 орчим хувьтай үргэлжилж байна. Барилгын гүйцэтгэгчээр "Сайнхүү констракшн" ажиллаж байгаа бөгөөд 45 хоногийн хугацаанд барьж дуусгах гэнэ. Эсгүүрийн, оёдлын, уулзалтын, ажилчдын хувцас солих, агуулах, эрэгтэй эмэгтэй 00, душ зэрэг өрөө тасалгаануудтай, хоёр давхар сэндвичэн барилга байх юм.

“Барилгын ажил маань эрчимтэй явагдаж байгаа. Хана болон шал цутгалтын  ажлууд, мөн бохирын шугам татах ажил хийгдээд дуусч байна. Зургадугаар сарын 02-нд ТУЗ хуралдаж, ажлын байраа төлөвлөсөн. Эхний ээлжинд 60 орчим хүнийг ажлын байраар хангана. Үйл ажиллагаа жигдрээд ирэхээр дахин нэмэлтээр ажилчид авах чиглэлтэй байгаа” гэдгийг Сүхбаатар Про импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сүхчулуун хэллээ.
Т. Одончимэг
 

Монгол брэнд