top banner

“Coal Mongolia -2017” олон улсын чуулга уулзалт эхэллээ


2017-09-07 08:22:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нүүрсний дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Coal Mongolia -2017” олон улсын чуулга, үзэсгэлэн  Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулган нийт 4 үндсэн  хуралдаанаар үргэлжлэх юм. Эхний өдрийн нэгдүгээр хэсгийн хуралдаан “Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болж байна. 

“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх  уриаг энэ жил дэвшүүлж буй юм.

Мөн энэ жилийн чуулганы гол онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг  зохион байгуулж байна. Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргалах аж.

Чуулга уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монголиан Майнинг Корпорэйшн ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын  албаны хүмүүс оролцож илтгэл тавих юм.

Чуулганы үеэр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах үзэсгэлэнг нээжээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын  төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирээд байна.
 
 Б.Заяа

Монгол брэнд