top banner

Ц.Дашдорж: Монгол Улс 21.1 сая тонн нүүрс экспортлосон нь түүхэн дээд амжилт болов


2017-09-07 10:12:29
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Coal Mongolia 2017" чуулганд оролцогсдод  мэндчилгээ илгээлээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Салбарын сайд мэндчилгээндээ, “Эрхэм хүндэт уурхайчид аа, Хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид ээ, "Coal Монголиа-2017" чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцогчид оо. "Coal Монголиа-2017" чуулга уулзалт, үзэсгэлэнг "Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь" уриан дор жил бур амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн чуулга, уулзалт үзэсгэлэнг "Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж нүүрсний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь" уриан дор 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр Монгол нүүрс ассоциаци, Хятадын нүүрс ассоциаци хамтран хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор "Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум"-ыг зохион байгуулж байна. Түүнчлэн олон улсад нэр хүнд бухий Хятадын www.sxcoal.com веб сайтыг эрхлэгч "Фэнвэй Энержи Информэйшн Техноложи" компанитай түншилж, 2017 оноос эхлэн "Coal Монголиа" чуулга уулзалт, үзэсгэлэнг хамтран зохион байгуулах болсон нь энэ удаагийн чухал онцлог болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх", "Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулах", "Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих", "Шингэрүүлсэн тулш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор дэмжих" зэрэг зорилтуудыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж нүүрсний хэрэглээ багассанаас манай улсын нүүрсний салбар бага зэргийн уналтад орсон ч өнгөрсөн оны сүүлчээс сэргэж, дотоодын хэрэгцээнд 8.0 сая тонн нүүрс нийлүүлж, 25.8 сая тонн нүүрс экспортлосон байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс дотоодын хэрэгцээнд нийлүүлж, 21.1 сая тонн нүүрс экспортлосон нь түүхэн дээд амжилт боллоо.
Нүүрсний салбар нь дотоодын цахилгаан эрчим хуч, ахуйн дулааны хэрэгцээг хангах, улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах зэргээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Ийм чухал салбарын хүний нөөц, удирдлагын менежментийг бүрдүүлж, байгалийн баялгийг сорчлохгүйгээр иж бурэн ашиглах, нүүрсний тээвэр, ложистикийн дэд бүтцийг бүрдүүлж өртөг зардлыг бууруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг олон улсын зэрэглэлтэй болгож нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлж утаагүй түлш үйлдвэрлэх, дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортлох боломжийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Та бүхэн энэ удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнд идэвхгэй оролцож бодит мэдээ, мэдээллийг авахын зэрэгцээ салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн чуулганд оролцогсдод амжилт хүсчээ.

Б.Заяа


Монгол брэнд