top banner
Шуурхай мэдээ

В.Путин: Алс Дорнодод амьжиргааны түвшин хамгийн өндөр байх ёстой


2017-09-07 10:56:20
Зураг Москва /МОНЦАМЭ/. Эдгээр өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод болж буй “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Путин бүс нутгийн хөгжил хариуцсан улсын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө.
 
Тэрбээр “Сүүлийн гурван жил улсын эдийн засаг тийм ч сайн байгаагүй ч дунджаар 8.6 хувиар өссөн. Бид Алс Дорнодод хөрөнгө оруулалт татаж сурлаа. Цаашдаа ч энэ эрчээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Харин түүний өмнө энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр нь улсын дунджаас дээгүүр байх ёстой” хэмээв.
 
ОХУ-ын засгийн газар нийт нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзэлдэг Алс Дорнодын хөгжилд анхаарал хандуулснаас хойш гурван триллион рублийн хөрөнгө оруулалт татаж, 110 мянган шинэ ажлын байр бий болгосон ч Ерөнхийлөгч В.Путинд энэ нь хангалтгүй санагджээ. Тэрбээр хуралдааны үеэр Алс Дорнодын хөгжлийн явцыг удаашруулж,  бодитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгаа яам, тамгын газрын удирдлагуудыг ажлаас чөлөөлж, энэ ажилд сэтгэл гаргах шинэ хүн томилохыг сануулсан байна.
 
Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжих юм. Үүнд “Алс Дорнодын эдийн засаг, нийгмийн хөгжил”, “Сахалины бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил” зэрэг хоёр зорилтот хөтөлбөр мөн 12 дэд хөтөлбөр багтаж буй аж.
Л.Нандиа
 

Монгол брэнд