top banner

Түүхийн улсын олимпиадын ялагч ГХЯ-ны нэр дээр суралцана


2017-09-07 11:33:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сараас 5 сар хүртэлх хугацаанд улс даяар зохион байгуулсан “Түүхийн улсын олимпиад”-ыг Гадаад харилцааны яамнаас боловсон хүчний бодлогынхоо хүрээнд түүхийн суурь мэдлэг сайтай, олон улсын харилцааны чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нээж олох, бэлтгэх зорилгоор дэмжин ажилласан билээ.
 
Тус яам нь олимпиадад амжилттай оролцож, Тэргүүн байр эзэлсэн Э.Сэргэлэнбаатарт МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд суралцах эрх олгож, эхний нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг дааж байгаа юм.
 
Гадаад харилцааны яамны төлөөлөлтэй Э.Сэргэлэнбаатар уулзах үеэрээ “Энэхүү нэр хүндтэй сургуульд ГХЯ-ны нэр дээр суралцах болсондоо баяртай байна. Цаашид хичээн суралцах болно” гэв.
 
Тус яамны зүгээс Түүхийн олимпиадыг зохион байгуулах Дэд хороотой монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах, хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг өвлүүлэх, тэдгээр хүүхдүүдийн дунд  түүхийн олимпиадыг зохион байгуулах, дэлхийн болон эх орныхоо түүхийн өндөр мэдлэгтэй олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломат ажилтан бэлтгэх  чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Монгол брэнд