top banner

Тээвэрлэлтийн асуудалд хос морьтой болохгүй бол дэлхийн зах зээлд нүүрсээ үнэд хүргэхгүй


2017-09-07 15:33:42
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын экспортын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 50 орчим сая тоннд хүрсэн ч бүрэн хүчин чадлынхаа тал хүрэхгүй хувийг ашиглаж байна. Тиймээс энэ удаагийн “Coal Mongolia-2017” чуулга уулзалтаар экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай  гэдэгт нүүрсний салбарынхан санал нэгтэй байна.
 
Улмаар Монгол Улсын хувьд нүүрсний тээвэрлэлтийн асуудалд хос морьтой болохгүй бол дэлхийн зах зээлд нүүрсээ үнэд хүргэх боломжгүй гэдгийг төлөөлөгчид онцолж байв. Хилийн наана цаана хоёр өөр үнээр нүүрсээ өгч байгаа гээд бидэнд дэд бүтцийн асуудлаас үүдэлтэй үнийн зөрүү үүсч байгаа. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөлттэй байгаа үед экспортоо нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам барих ажлыг төр яаравчлах хэрэгтэйг салбарынхан тодотголоо.

Ахархан хугацааны  өсөлтийн үед Монгол Улс  их ажил амжуулж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх боломжтойг “S&P GLOBAL PLATTS”-ийн ахлах шинжээч Эдвин Ёо онцолсон юм.
Тэрээр, Нүүрсний үнэ бол асар их хэлбэлзэлтэй. Тухайлбал, “Коксжих нүүрсний үнэ сүүлийн 10 жилд гурван удаа 300 ам.доллар давсан байх жишээтэй. Нүүрсний зах зээл нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай гэдгийг та бүхэн харлаа. Дэлхийн зах зээлийн гол худалдан авагч бол Хятад улс. Тус улсын нүүрсний гол нийлүүлэгч орон бол  Австрали. Тэгэхээр дэлхийн нүүрсний  зах зээлийг тогтоогч эдгээр улсын нөлөө их. Өнгөрөгч долдугаар сараас хойш дэлхийн зах зээл дээр нүүрс 30-40 хувийн өсөлт үзүүлсэн. Өсөлтийн гол шалтгаан бол  Австралийн нийлүүлэлт буурсантай холбоотой. Монгол Улс бол Хятад улсад дийлэнх нүүрсээ  экспортолдог орон. Тиймээс нүүрсний үнэ өсөлттэй байгаа энэ үеийг Монгол Улс зүгээр харж сууж болохгүй.Өнгөрсөн хоёр жилд  Хятад улсад  Австрали улсын нүүрсний нийлүүлэлт татарч, Монголынх нэмэгдсэн” гэлээ. Ийнхүү чуулганы төлөөлөгчид дэд бүтцийн асуудалд анхаарахыг чухалчилж байна. Улмаар Монгол Улс олон жил нүүрсний нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингээх, төмөр зам барих гээд  цаасан дээр хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо хийх цаг нь болсон  хэмээн чуулганд оролцогсод тодотгосон.

Төлөөлөгчид ийнхүү ярьж байна.


  Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл:

“ ЗТХЯ, “УБТЗ” ХНН хамтран нүүрсээ төмөр замаар Тяньжины далайн боомтод хүргэх ажлыг энэ оны эхээр амжилттай эхлүүлж чадсан. Ингэснээр манай үндэсний нүүрс экспортлогч компаниуд нүүрсээ гуравдагч зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр худалдах  боломж бүрдэх юм. Саяхан миний бие Москва хотноо ОХУ-ын талтай төмөр замын тээврийн тарифыг хөнгөлөх гэрээний асуудлаар тохирсон нь ОХУ-ын Алс дорнодын боомтоор нүүрсээ далайн боомтод хүргэх шинэ гарцыг нээхэд дөхөм боллоо. Энэхүү асуудлаар хоёр орны тэргүүн нар Владивостокт эцэслэн тохиролцож чадвал үүд хаалга нээгдэх боломжтой болно”


Монголын Уул уурхайн корпорацийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:



“Эцсийн хэрэглэгчид бэлэн нүүрс  худалдаж авна. Австрали улс Хятадад угаасан нүүрс нийлүүлж байна Энэ зарчмыг Монгол Улс баримтлах ёстой. Өнөөдөр бид нэг тонн нүүрсийг бүх зардал шингээгээд 111 ам. доллар зарцуулж, хилийн С бүсэд буюу цаана 161 ам.доллараар борлуулж байна. Нүүрсний үнэ буурсан жилүүдэд   30-40 ам. долларын алдагдал хүлээж байлаа. Энержи Ресурс компани 2009-2012 онд үйлдвэр болон эрчим хүч татах, ажилчдын кэмп, орон сууц гээд дэд бүтцэд хөрөнгө оруулсан. Үйлдвэрийн хувьд 15 сая тоннын хүчин чадалтай бөгөөд энэ онд 9-10 сая тонн нүүрс олборлож, баяжуулах төлөвлөгөөтэй  байгаа. 2018 оноос үйлдвэр маань бүрэн хүчин чадлаар ажиллана.  Хөрөнгө оруулалтаа хийж хөрсөө бэлдсэн учир нүүрсний үнийн өсөлтийн үед ашигтай ажиллах гэрэл гэгээ бидэнд байна. Гагцхүү төмөр зам байхгүй байгаа нь асуудал болоод байгаа юм. Үүнийг төр засаг бодлогын хүрээнд  шийдэж энэ ажлыг шуурхайлах ёстой”

Монголын Нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран:

-Манай улсад 20 гаруй нүүрсний уурхай нүүрс экспортолж буй бөгөөд жилд  экспортлох хүчин чадал нь 50 сая тоннд хүрээд байгаа ч дэлхийн зах зээлд  хангалттай гаргаж чадахгүй байна.  Эхний долоон сарын үзүүлэлтээр Монгол Улс 21.1 сая тонн нүүрс экспортолж, хамгийн дээд цэгт нүүрсээ борлууллаа. Гэхдээ энэ нь олборлолтын нийт хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байна гэсэн үг. Үлдэж буй 60 хувийг бүрэн ашиглахын тулд нүүрсний салбарын тээвэрлэлт, ложистик, хил гаалийн зохион байгуулалтад анхаарах ёстой. Бид төмөр замтай байсан бол үүнээс илүүг экспортлох боломжтой байв”.
Ийнхүү салбарынхан төмөр зам барих ажлыг түргэвчлэхийг чухалчилж байна. Мөн нүүрсний компаниудын удирдлагууд Австралитай бид өрсөлдөнө гэдэг ч дэд бүтэц хойш чангааж байгааг шүүмжлэв. Австрали улсын хувьд нүүрсний салбарт баримтлах бодлого зөв төдийгүй дэд бүтцээ бүрэн шийдсэн байдаг. Тухайлбал Шинэ Акландын нүүрсний ил уурхай олборлосон нүүрснийхээ 99 хувийг гадагш нь буюу  Япон, Филиппин, Хятад, Тайвань руу экпортолдог аж. Харин манай улсын хувьд дотоодын хэрэгцээнд 8.0 сая тонн нүүрс нийлүүлж, 25.8 сая тонн нүүрс экспортлосон байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс дотоодын хэрэгцээнд нийлүүлж, 21.1 сая тонн нүүрс экспортлосон нь түүхэн дээд амжилт тогтоосныг салбарын сайд онцолсон. Түүнчлэн нүүрсний үнэ цаашид хэрхэх вэ гэдэгт салбарынхан ойрын жилүүдэд тогтвортой байна хэмээж байсан юм.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд