top banner

Энэ онд 50 гаруй иргэд тогтвортой ажлын байртай болно


2017-09-07 16:24:44
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг төмөр замын вокзалын гадна худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзаж 2 жил гаруй яригдаж байгаа худалдааны цэгийг барих газрыг сонгожээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймаг хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу төмөр замын вокзалын орчимд 32 метр урттай, 6 метр өргөнтэй худалдааны цэгийг энэ ондоо багтаан барихаар болжээ. Энэхүү худалдааны цэг ашиглалтад орсноор 50 орчим иргэн тогтмол ажлын байртай болж, хотын өнгө үзэмж нэмэгдэн, найдвартай хүнс, баталгаат жингээр үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Мөн төмөр замын вокзалын орчимд гардаг гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр бууруулах давуу талтай ажээ.

Ийнхүү худалдааны цэгийг барьснаар Дархан сумын 4-р баг төмөр  замын вокзал орчим, Дархан Номин худалдааны төв,  Шинэ дархан Олон улсын худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдийг түшиглэн гар дээрээс худалдаа эрхэлж буй  иргэд ажлын байраараа хангагдаж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж нээгдэж байна. Дэлгүүр болон худалдааны төвүүдээс хямд үнээр худалдаалагдаж байдаг учир иргэд үйлчлүүлэх нь их. Гэвч ил задгай гар дээрээс худалдаа наймаа хийх нь эрсдэл ихтэй учир түүнийг хязгаарлах, төвлөрсөн нэг цэгээр үйлчлүүлэхийг ийнхүү дэмжсэн ажээ. 
Л.Отгонбаатар

Монгол брэнд