top banner
Шуурхай мэдээ

Reuters: 2004 оноос хойш Монголын нэг ч ерөнхий сайд 4 жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чадсангүй


2017-09-08 07:31:27
Зураг
ЛОНДОН. /Reuters/.  Эрх баригч МАН өнгөрсөн долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор Монголын парламент Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газрыг пүрэв гарагийн орой огцрууллаа.

Ингэснээр Орос болон Хятад гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог, хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй энэ улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд дөрвөн жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чадсангүй.

Монголын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд “Засгийн газрыг огцруулах тухай тогтоолыг парламент олонхын саналаар баталлаа” гэжээ.

Өчигдөр орой явуулсан санал хураалтад оролцсон 73 гишүүний 42 нь Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахыг дэмжсэн байна.

Огцорсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн, Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд 13 засгийн газрын нүүрийг үзлээ.

“Ардчилсан парламентын засаглалтай оронд засгийн газрыг огцруулах нь байдаг л  хэвийн үзэгдэл  боловч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор хохирол болдог. Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгийг хорлодог. Ийм буруу жишиг Монголд тогтжээ” гэж Ж.Эрдэнэбат хэлэв.

Монголын парламент 45 хоногийн дотор шинэ засгийн газрыг бүрдүүлж, ерөнхий сайдыг томилох ёстой бөгөөд одоогийн сайд нар дараагийн сайд нарыг томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний АН-аас нэр дэвшсэн жүдоч бөгөөд бизнесмэн Х.Баттулга ялсантай холбоотойгоор эрх баригч МАН-ын 30 гишүүн ерөнхий сайдыг огцруулах тухай өргөх бичгийг өнгөрсөн сард парламентад өргөн барьсан юм.

https://uk.reuters.com/article/mongolia-politics/update-1-mongolian-parliament-votes-to-oust-prime-minister-idUKL4N1LO4PI
Г.Доржханд

 

Монгол брэнд