top banner

Таван сая төгрөгийн шагналтай "Цэвэрч Ховдчууд” уралдаан зарлав


2017-09-08 07:52:06
Зураг
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг зөв хандлага, сэтгэлгээтэй болгох, төлөвшүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, аймгийн нутаг дэвсгэрийг цэвэр, хоггүй орчинтой болгох зорилгоор “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааныг зарлалаа. 

Болзолт уралдааны эхний шат есдүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Ховд аймгийн 17 сум, бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох юм. Тус уралдааныг үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулж, дүгнэнэ. Үүнд, Үндэсний мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулсан ажил, “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил”-ийн талаар зөв дадал, хандлага, сэтгэлгээг бага насны хүүхдэд, багачуудад төлөвшүүлэхэд чиглэн зохион байгуулсан арга хэмжээ, нийтийн эзэмшлийн болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ.хог хаягдлын дахин ашиглалт, цуглуулалт, тээвэрлэлт гэсэн шалгуураар дүгнэнэ. 

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулах талаар төлөвлөгөө гарган, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч, хэрэгжилтийг ханган ажиллахыг 17 сумын Засаг дарга, албан байгууллагын дарга, эрхлэгч, захирал нарт даалгасан байна.  
Болзолт уралдааны нийт шагналын сан 5 сая төгрөг бөгөөд  “Шилдэг сум,байгууллага,аж ахуйн нэгж”, “ Жаргалант сумын шилдэг баг”, Шилдэг сууц өмчлөгчдийн холбоо”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага" гэсэн номинац тус бүрт 3 байр шалгаруулах юм.  

Болзолт уралдаанд санаачлага муутай оролцсон сумдын Засаг дарга нарыг иргэдийн хүсэлт, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гурван сарын цалингийн  20 хувиар торгох юм байна.
 
 А.Бямбасүрэн

Монгол брэнд