top banner

Үүрэн холбооны дамжуулагч станц байрлуулснаас хадны сүг зураг устжээ


2017-09-08 08:02:53
Зураг
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн хэлтсийн судалгаагаар улс, аймгийн соёлын өвд багтсан олон тооны дурсгалт газрууд гэмтэн сүйдэж байгаа нь илэрчээ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогод хамрагдсан нийт дурсгалын 35.5  хувь  буюу 2149 дурсгал хүний нөлөөллөөр гэмтсэн байна.

Тодруулбал, тоносон 577, сүйтгэсэн 994, будаж балласан 16, хугалсан 31, сийлсэн 13, зөөгдсөн 29, алга болсон 8, тос сүүний бохирдолтой 3, хувь, хадаг бөс даавуу ороосон, уясан 4, дэд бүтцийн аюулд өртсөн 49, аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн 425 түүх соёлын үнэт дурсгал байгаа нь судалгааны үр дүнд тогтоогджээ.

Мөн “Гурван сэнхэр төвтэй таван од” Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн хээрийн судалгааны үеэр нэлээд зөрчил ажиглагдсан байна. Тухайлбал, “Ишгэн Толгой”-н хадны зургийн тэн хагас нь үүрэн холбооны дамжуулагч станц байрлуулсны улмаас бүрэн устсан байна. Үүнээс гадна төв зам дагуу байрлалтай боловч ямар нэгэн хамгаалалт, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байхгүйн улмаас дурын нэг нь авирч, он цагийн эрхээр хэврэг болсон хад чулууг бутраан нурааж байгаа дүр зураг харагдсан байна. Шинжлэх ухааны ач холбогдол талаас нь авч үзвэл Палеолитын үеийн хадны зургийн дотор урд өмнө огт дүрслэгдэж байгаагүй барын зураг гурван удаа энд тохиодог нь Монгол-Алтайд Палеолитын үед бар нутаглаж байсныг нотолдог аж.

Түүнчлэн Бодончийн хавцлын Сэнж Хадны зогсоол амралтын цэг нь аливаа тэмдэг тэмдэглэгээгүй, хогийн цэг хариуцсан эзэнгүй учраас хог хаягдал ихээр төвлөрсөн байна. Эдгээрээс үндэслэн “Гурван сэнхэр төвтэй таван од” Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийг чухалчлах юм байна.

А.Бямбасүрэн
 

Монгол брэнд