top banner
Шуурхай мэдээ

“Цэвэр тунгалгийн хууль”-ийг тунхаглагч АПУ компани


2017-09-08 11:06:46
Зураг
Эртний хүмүүс ваар савыг анх урлахдаа дэлхийн соёл иргэншлийн түүхнээ тэмдэглэгдэх агуу дэвшил хийснээ ч мэдсэнгүй, тэрхүү бүтээл нь хожмын түүхэнд хар цагаанаар бичигдэх мөнхийн сэдвийн эхлэл болно гэдгийг ч зөгнөөгүй юм. Вааранд хадгалсан элдэв жимс хадгалалтын явцад исэж задраад бага хэмжээний спирттэй ундаа болсныг хүмүүс анх мэдэж уусан нь архи хэмээх идээ бий болохын эхлэл байлаа. Хүмүүс өдөржин ажиллаж, биеийн хүнд хөдөлмөр хийж ирээд дээрх ундааг уухад алжаал тайлагдан, түр зуурын сэргэлт өгч байгааг анзаарч, түүнд ямар нэг ид шидтэй зүйл байна хэмээн ойлгон улмаар янз бүрийн аргаар бэлтгэн ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг болжээ. Манай тооллын 6-7-р зууны үед Арабууд дарс нэрж спирт гарган авсан нь хүн төрөлхтөнийг шидэт ундааныхаа хар цагаан талыг ялгахад хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг. Ийнхүү арабын “Арахи” хэмээх үг монгол хэлний үгийн санд “Архи” хэмээх нэрээр хадгалагдан үлдсэн түүхтэй.

Харин Монгол улсад ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо дэлхий нийтэд тунхаглан зарлаад гурван оныг үдсэний дараа буюу 1924 онд тусгаар улс өөрийн гэсэн идээ ундаатай байдаг дэлхий нийтийн жишгээр Монгол Улсад архины анхны үйлдвэр байгуулагджээ. Ийнхүү Ардын намын төв хорооноос “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталж Улаанбаатар хотод 14 ажилтантай архины анхны үйлдвэр нээлтээ хийсэн нь өнөөгийн Монголын АПУ хэмээх их айлын тулгыг тулсан түүхэн үйл явдал байсан юм.

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 93 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн АПУ ХК нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 742,877,000 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Тус компани өнөөдрийн байдлаар жилд архи, шар айраг, ус, ундаа, сүү сүүн бүтээгдэхүүний таван том үйлдвэр, ложистикийн томоохон төв бүхий цогцолбортой, 162 нэр төрлийн 100-аад сая литр  бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Өдгөө архи, шар айраг, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ хэмээх нэр нь өөрөө брэнд болжээ.

АПУ ХК нь 2006 онд “Цэвэр сүү” брэндийг зах зээлд нэвтрүүлж 2014 онд сүүний шинэ үйлдвэрээ нээсэн бөгөөд 2016 онд тухайн салбарт 32 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаснаар Монгол Улсын сүүний зах зээлийн 24 хувийг, тараг иогуртны 19 хувийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлдвэр нь сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлэгч Герман улсын GEA брэндийн тоног төхөөрөмж бүхий боловсруулах хэсэг болон Швед улсын Tetra Pak, Ecolean савлах шугам, Япон улсын  Elopak, EHEDG буюу Европийн холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр юм. Тэд Монгол улсын 300 гаруй фермерээс үнээний цэвэр сүүг тухайн бүс нутгаас нь тогтвортой үнээр худалдан авдаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас “Маамуу” брэндийг Хонгконгийн зах зээлд экспортлон Welcome, Park&Shop сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. Мөн дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж туршлага солилцон Монголынхоо хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн хүргэх зорилтынхоо хүрээнд “Дээж”, “Цэвэр сүү”, “Сайн”, “Маамуу” брэндийг үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд гаргаад байна.
    

АПУ ХК нь архины зах зээлийн 54 хувийг эзэлдэг бөгөөд 17 брэндийн 64 нэр төрлийн архи үйлдвэрлэдэг юм. Герман, Авсри, Итали улсын шилдэг фирмүүдийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон микропроцессын хяналтын удирдлага бүхий архины үйлдвэрийн найруулах цех жилд 108-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани 2009 онд ХБНГУ-ын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “Натур агро” спиртийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан ба уг үйлдвэр нь Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх чанартай “Альфа” зэрэглэлийн спиртийг тогтмол үйлдвэрлэж компаний архины үйлдвэрлэлийг жигд тасралтгүй үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна.



Харин тус компани шар айрагны 12 брэндийн 39 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн сацуу тухайн салбарынхаа 57 хувийг бүрдүүлдэг байна. 1927 онд Чехи улсын мэргэжилтний оролцоотойгоор эх орондоо анх удаа шар айраг үйлдвэрлэснээр пивоны үйлдвэрийн суурь тавигдаж байсан бол одоо Германы “Кронес” компаний хамгийн орчин үеийн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, жилдээ 75 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр нь ХБНГУ-ын NERB, Австри улсын KLINGER фирмийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдож үйлдвэрийн бүх шат дамжлагууд нь автоматажсан, техник технологийн тухайд ХБНГУ-ын тэргүүлэх таван үйлдвэртэй ижил түвшинд хүрсэн томоохон үйлдвэр болсон байна.

Хүнсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК нь дэлхийн алдартай, нэр хүндтэй үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Одоогоос 90 гаруй жилийн тэртээ эх орондоо хамгийн анхны шар айргийг үйлдвэрлэж байсан тус компаний хамт олон өнөөдөр дэлхийд алдартай, улаан буудайн шар айрагны төгс илэрхийлэл болсон Калтенберг брэндийг амжилттайгаар нэвтрүүлээд даруй гурван жилийг ардаа үджээ. Одоогоос 500 гаруй жилийн өмнө буюу 1516 оны 4-р сарын 23-ны өдөр Баварийн гүн 4-р Вилгельм нь Инголштадт хотод шар айрагны цэвэр тунгалаг байдлын тухай зарлиг буулгасан байдаг. Шар айраг исгэхэд зөвхөн арвайн соёолж, зөрөг цэцэг, ус, хөрөнгө гэх үндсэн дөрвөн түүхий эдийг ашиглана гэх шаардлага нь хууль болон баталгаажиж гүнгийн эзэмшлийн бүх газар нутагт үйлчилж эхэлсэн юм. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүний биед нийцтэй эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ “Цэвэр тунгалгийн хууль”-ыг мөрдлөг болгон ажиллаж байна. Өнөөг хүртэл, сайн шар айргийг исгэхэд зөвхөн ус, соёолж, бага зэргийн зөрөг цэцэг ба хөрөнгийг ашиглахад л хангалттай байдаг. АПУ компани Aзи тивээс анх удаа 500 жилийн түүхтэй энэхүү шар айргийг үйлдвэрлэх эрхийг авч байсан билээ. 

Манай улсын хийжүүлсэн унпааны зах зээлийн 9,8 хувь, жүүсний 25 хувь, савласан усны нэг орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. АПУ компани өнөөдрийн байдлаар зургаан брэндийн 27 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлснээр хийжүүлсэн ундааны 2,8 хувь, жүүсний 3,4 хувь,савласан усны 6,2 хувийг бүрдүүлж байна. 2004 онд ус, ундааны үйлдвэрийг бүрмөсөн шинэчлэх анхны төслийн ажлыг хэрэгжүүлж Европийн холбооны эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан дэлхийн нэртэй фирмүүд болох Австрийн “Клингер”, Германы “Косме”, “Гернеп”, “Фамикс”, Италийн “Самса Пак” зэрэг бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. 2012 онд шинэ ПЭТ савлах шугамын төслийг Герман улсын KRONES компанитай хамтран хэрэгжүүлж эхэлснээр үйлдвэрийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлжээ. Тус үйлдвэр одоогийн байдлаар Сигма болон Кронес компаний хоёр савлах шугамтай бөгөөд Сигма савлах шугам нь цагт 3000 лонх бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Кронес савлах шугам нь лонхны эзлэхүүнээс хамааран цагт 5500-12000 лонх бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Герман улсын WILD, DOHLER  зэрэг дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудаас химийн ямар нэгэн бордоогоор бордоогүй, байгалийн цэвэр жимснээс гарган авсан түүхий эд материалуудыг авч хэрэглэдэг. Мөн Монгол орны хөрсөнд тарималжуулан ургуулсан алтан гагнуур, нохойн хошуу, цээнийн үндэс, чихэр өвс зэрэг эмийн ургамлын ханд агуулсан “Сэлэнгэ”, “Тэрэлж” ундааг үйлдвэрлэж байна.

АПУ ХК нь төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хадгалалт болон бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очих хүртэл бүхий л үе шатанд хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг өндөр түвшинд ханган ажиллаж байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэмлэн салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн. Тус компани ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм. Итгэмжлэгдсэн лаборатори нь олон улсын стандартын байгууллагаас баталсан стандарт, дүрэм журам, шинжилгээний арга аргачлал, норматив, техникийн баримт бичгүүд болон ISO/IEC 17025 стандартыг мөрдлөг болгон АПУ компанийн үндсэн таван үйлдвэрлэлд орж буй үндсэн болон туслах түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу мэдрэхүй эрхтэний, микробиологийн, физик химийн шинжилгээг хийж технологийн дамжлага бүрт хяналт тавин ажилладаг. Итгэмжлэгдсэн лабораториуд нь олон улсын сорилтын лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO 17025:2007 стандартын шаардлагыг тогтмол хангаж ажилладаг ба олон улсад лабораторийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэгч Америк, Герман, Австри, Солонгос, Оросын орчин үеийн шилдэг, нано технологи бүхий өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань АПУ компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Тус компани нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна. Тэд “Гурван Т-гийн зарчим” буюу “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” хэмээх уриаг өмнөө тавьдаг. Энэ нь,
          Төгс – Үүрэг хариуцлага
          Төгөлдөр –Соёл, бүтээгдэхүүн
          Тунгалаг – Ёс зүй, орон зайн нэгдэл юм.
     93 жилийн түүхэн замналтай, Монголчуудын өөрсдийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрйин үр дүнд бий болж, олон улсын чанар стандартын дагуу шинэ, шилдэг брэндүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч АПУ ХК-ийг товчхон танилцуулахад ийм байна.
Б.Занданхүү

/>

 


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд