top banner

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 байгууллагын үйл ажиллагааг зогсоов


2017-09-08 12:46:01
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэл хотын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад шалгалт хийж 24 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов. 
Хяналт шалгалтаар цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй ашигласан, цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөөгүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээг төлөвлөгөөгүй, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг 737 зөрчил илэрчээ.
Энэ зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоов.Тухайлбал, Оксман, Хашталст, Бестдент, Эн Си Эм Би, Шударга гарц, Эдэндент, Би Си медикал, Имелагүн, Пасификдент, Кутикул, Эм Жи Коллейкшн, Одуванчик, Шинэшидэт-Од, Энхномин-Эрдэнэ, Налайх урангар, Цэцэн сар, Жи И Би Эс, Энхийг цацруулагч, Амартүвшинмэнд, Энхцөгц, Фиссурит, Ци Ци, Огиноо, Смарт Интеншион байгууллага багтжээ.
Эдгээр байгууллагын
18 албан тушаалтныг нийт 15,8 сая төгрөгөөр торгосон байна. Хяналт шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй  шүдний эмнэлгээр үйлчлүүлэх  дунджаар 15-20 мянган иргэнийг эрсдлээс сэргийлсэн байна.
 

Д.Өлзий


Монгол брэнд