top banner
Шуурхай мэдээ

УДЭТ-ын уран бүтээлчид Архангай, Завхан, Хөвсгөл аймагт аялан тоглоно


2017-09-08 13:02:00
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын хамт олон Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо хийхээр аян замдаа гарсан байна.

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох тус театрын уран бүтээлчид энэ жилийн хаврын аялан тоглолтоо Дорнод, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймагт амжилттай зохион байгуулсан юм. Харин энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ,Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал нарын жүжигчид, арын албаны  40 орчим  хүний бүрэлдэхүүнтэй явахаар болжээ.
 
Аялан тоглолтын хөтөлбөрт Н.Ганхуяг “Бүүвэй” уянгын дармын жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлж оюуны бэлэг барих юм. Мөн уран бүтээлчид үзэгчдийн уулзалтыг  зохион байгуулж, “Нээлтийн шоу”-ны арга хэмжээний үеэр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд уран бүтээлчидтэй дурсгалын зураг даруулж, гарын үсэг авч цагийг хамтдаа дуулж, бүжиглэн өнгөрүүлнэ.

Архангай, Завхан, Хөвсгөл аймагт болох “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт тухайн орон нутагт зохион байгуулж байгаа хоёр дахь удаагийн аялан тоглолт юм. 2005 онд Завхан, Хөвсгөл, 2010 онд Архангай аймагт тус бүр амжилттай зохион байгуулсан.
Энэ удаагийн тоглолт: Архангай аймгийн Цэцэрлэг хотод есдүгээр сарын 9,10-нд, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд есдүгээр сарын 12-нд, Завхан аймгийн Улиастай хотод 9-р сарын 14,15,16-нд, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод есдүгээр сарын 19,20,21-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Өлзий

Монгол брэнд