top banner
Шуурхай мэдээ

2020 оноос хойш “Jaguar”-ын бүх шинэ загварууд гибрид эсвэл цахилгаан байх болно


2017-09-08 13:42:41
Зураг
ЛОНДОН./BBC/. “Jaguar Land Rover” /JLR/ компанийн 2020 оноос хойш үйлдвэрлэх шинэ загварын автомашинууд нь бүгд нэг бол цахилгаан машин, нэг бол гибрид хөдөлгүүртэй машин байх болно гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ. Тус компанийн үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашин болох “Jaguar I-Pace” 2018 онд худалдаанд гарах гэж байгаа юм.

JLR-ийн гүйцэтгэх захирал Ральф Спет цахилгаан машин болон гибрид хөдөлгүүртэй машин үйлдвэрлэж эхлэх шийдвэр нь худалдан авагчдад илүү өргөн сонголтыг бий болгоно гэж үзэж байгаа юм.

Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” компани нь Энэтхэгийн тив дамнасан томоохон компаниудын нэг болох “Tata Group”-д харьяалагддаг байна.

Энэ оны 7 дугаар сард Шведийн “Volvo” концерн 2019 оноос эхлэн тус компанийн шинэ загварын бүх машинууд цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдоно гэж мэдэгдэж байсан юм. Ингэснээр “Volvo” компани “Jaguar” компаниас нэг жилийн өмнө цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэж эхлэх ажээ.
Гэхдээ Volvo болон JLR-ын аль аль нь дотоод шаталтын хөдөлгүүрээр тоноглогдсон хуучин загварын машинуудаа үргэлжлүүлэн үйлдвэрлэх юм.



“Дотоод шаталтын хөдөлгүүр бол технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн зүйл. Бензин болон дизель түлшээр ажилладаг хөдөлгүүр дахиад олон жил ашиглагдах болно” хэмээн “Jaguar”-ын тэргүүн ярьжээ.

Мөн “Jaguar Land Rover” компани 1968 онд үйлдвэрлэсэн “E-type Zero” сонгодог родстерын цахилгаан хувилбарыг бүтээсэн тухайгаа мэдээлсэн юм. Гэхдээ энэ хувилбар нь зөвхөн үзэсгэлэнд зориулсан хувилбар тул худалдаанд гарахгүй аж.

Дэлхийн томоохон машин үйлдвэрлэгчид “ногоон” технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх оролдлого хийх болсон өнөө үед “Jaguar” компани цахилгаан машины үйлдвэрлэлд шилжих тухай мэдэгдэж байгаа нь энэ юм. “Ногоон” технологи руу хүчтэй тэмүүлэх болсны цаад шалтгаан нь "Volkwagen" компанитай холбоотой “дизелийн дуулиан” болжээ. 2015 оны 9 дүгээр сард “Volkswagen” концерн дизель хөдөлгүүртэй машинууддаа хаягдал утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг бууруулан харуулдаг компьютерын программ суулгаж байсан болох нь илэрсэн юм. Бодит байдал дээр хорт бодисын агууламж нь зарим тохиолдолд зөвшөөрөгдөх норм хэмжээнээс 40 дахин их байсан байна.



“Тэгэхээр, нэг зүйл бол тодорхой байна: ирээдүйн автомашин нь цахилгаан байх болно. Бид цахилгаанжуулсан загварын машин, түүний дотор бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, цэнэглэдэг гибрид машины шугам дамжлагыг танилцуулах болно” хэмээн “Jaguar Land Rover” компанийн тэргүүн Ральф Спет хэлжээ.

Тус компанийнхан 2040 оны машин ямар болохыг төсөөлөх гэж оролдсон байна. “Jaguar” компани дуу хоолойны тусламжтайгаар жолооддог “Future-Type” гэдэг концепт-кар бүтээсэн ба уг машин нь хиймэл оюун ухаан бүхий “Sayer” гэдэг авагддаг жолооны хүрдтэй байх аж. “Энэ машинд та зүгээр нэг суугаад явахаас гадна тэр таны үнэнч анд чинь байх болно” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд онцлон дурдсан байна. 

“Jaguar Land Rover” компани өөрийн инновацийн бүтээлүүдээ баасан гарагт Лондонд нээгдэх “Tech Fest” автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулах гэж байгаа аж.
О.Барс 

 


Монгол брэнд