top banner
Шуурхай мэдээ

С.Донской: Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих төслийн оронд хэрэгжүүлэх боломжтой өөр саналуудыг дэвшүүлнэ


2017-09-08 14:08:30
Зураг
ВЛАДИВОСТОК./TASS/. Дэлхийн хамгийн алдартай нуур болох Байгалд цутгадаг Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц /УЦС/ барих Монголын төслийн оронд хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн саналыг ирэх сард болох Орос-Монголын ажлын хэсгийн уулзалтын үеэр ОХУ-ын тал дэвшүүлнэ гэж энэ сарын 6-7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр Оросын Байгалийн нөөцийн сайд ТАСС мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
 
ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Сергей Донской хэлэхдээ “Засгийн газар хоорондын комиссын хэлэлцэх асуудалд Сэлэнгэ мөрний савд барих УЦС-ын асуудал багтсан байгаа. Цахилгаан эрчим хүчний хомсдолтой байгаа хөрш Монголын асуудлыг УЦС барихаас өөрөөр шийдвэрлэх олон тооны саналыг дэвшүүлэхэд бид бэлэн байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Сэлэнгийн УЦС-ын асуудлаарх ажлын хэсэг байгуулагдсан. 10 дугаар сарын сүүлчээр болох засгийн газар хоорондын уулзалтаас өмнө буюу 10 дугаар сарын эхээр энэ ажлын хэсэг Улаанбаатар хотод хуралдана” гэсэн байна.

Түүний хэлснээр, Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэх болон Хятад руу цахилгаан эрчим хүч дамжуулдаг одоогийн цахилгаан дамжуулах шугамуудыг шинэчлэх, цахилгаан дамжуулах шугамуудыг шинээр барих зэрэг саналыг Оросын тал Монголд тавихаар төлөвлөж байгаа бололтой. Ингэсэн тохиолдолд, УЦС цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хямд өртгөөр Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжтой гэж сайд С.Донской ярьжээ.
 
Мөн Монголд нүүрсээр ажилладаг, орчин үеийн дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг саналуудыг Оросын тал дэвшүүлэхээр төлөвлөж байгаа аж.
 
“Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгууламжууд барихтай холбоотой өөр олон хувилбар бидэнд байна. Цэвэр нүүрсний технологиудыг ашиглах олон боломж байна. Монгол Улс нүүрсний арвин их нөөцөө энэ чиглэлээр ашиглаж болох юм. Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ч ашиглаж болж байна. Манай улс нарны зай хураагуур үйлдвэрлэж байна. Тиймээс бид өндөр чанартай нарны эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг Монголын талд нийлүүлэх боломжтой. Манай компаниуд эдгээр бүх төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. Гэхдээ миний бодлоор, эрчим хүчний их цагариг бол хамгийн бодитой, биелэх боломжтой төсөл. Монгол Улс одоо нүүрсний шинэ ордуудаас нүүрс олборлож эхэлж байна. Үүнээс гадна цахилгаан эрчим хүч дамжуулах шугамуудын дагуух төмөр замыг шинэчилж болох юм. Мөн бидэнд Алс Дорнодод хангалттай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж байна” гэж сайд С.Донской ярьжээ.
 
Монгол Улс эрчим хүчний хомсдлоо шийдвэрлэхийн тулд Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний сав газарт УЦС барихаар төлөвлөж байгаа билээ. Харин энэ төсөл нь Байгал нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа юм. Мөн УЦС баригдах газар дахь газар хөдлөлтийн эрсдэл нь судлаачдын анхаарлыг татаж байна.
 
ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайд Алексей Теклер өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “УЦС-ын оронд Монголд цахилгаан эрчим хүч дамжуулах шугам барих нь зүйтэй гэж манай яам үзэж байна” гэж байсан юм.
 
Тэрбээр “Шинээр УЦС барих өртөгтэй харьцуулахад цахилгаан дамжуулах шугамын нэг цагт дамжуулах цахилгаан эрчим хүчний үнэ 3.5 дахин хямд тусна” гэж цохон тэмдэглэж байв.

http://tass.com/economy/964562
 
Г.Доржханд
 

Монгол брэнд