top banner
Шуурхай мэдээ

Венецийн кино наадмын үеэр сансрын тойрог замын станцтай шууд холбогджээ


2017-09-08 14:50:40
Зураг
РОМ./TASS/. Венецийн кино наадмын үеэр сансрын тойрог замын станцтай шууд холбогджээ. Энэ ажлыг Венето мужийн зөвлөлийн гишүүн Стефано Вальдегамбери санаачлан, Европ, Италийн сансрын агентлагуудын дэмжлэгтэйгээр сэтгүүлчдийг оролцуулан хийсэн байна.

Тус кино наадмын хүрээнд одоо олон улсын сансрын нисэгчдийн багийн бүрэлдэхүүнд багтан тойрог замд ажиллаж буй Италийн сансрын нисэгч Паоло Несполи-д зориулсан Алессандра Бонавина-гийн найруулсан “Экспедиц” гэдэг баримтат киног үзүүлжээ. Киноны найруулагч бүтэн жилийн турш Италийн сансрын нисэгчийн бэлтгэл хийж байгааг ажигласан ба Оросын “Оддын хотхонд” сансарт нисэх үед нь хамт байжээ. Дашрамд дуулгахад, П.Несполи энэ оны 4 дүгээр сард 60 насныхаа ойг тэмдэглэсэн байна.

Тэрбээр Венецийн кино наадамд анх удаагаа оролцож, киноны гол дүрд тоглож байгаа нь энэ юм. “Бид энд сансарт танин мэдэхүйн хүрээгээ тэлж, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байна” хэмээн П.Несполи сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэлжээ.

“Бид үндэстэн бүрийг тус тусад нь хардгаа больж, бүгд нэгдэн нийлэх цаг нь болсон. Дэлхийг бид хилээр хуваагддаг гэж боддог, гэтэл энэ нь тийм биш юм. Нийтлэг зүйлийн төлөө бүгд хамтран ажиллаж болдгийн нэг тод жишээ бол энэхүү сансрын тойрог замын станц мөн” гэж сансрын нисэгч П.Несполи хэлсэн байна. "Сансарт хамтран ажилладаг шигээ Орос, АНУ, Европ гурав хамтран ажиллаж яагаад болдоггүй юм бэ" гэсэн асуултанд тэрбээр ингэж хариулжээ.
О.Барс 

 

 

 


Монгол брэнд