top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс нүүрсний экспортоороо дөрөвт бичигдэж байна


2017-09-08 16:10:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний экспортын хэмжээгээр Монгол Улс Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байгааг “Coal Mongolia-2017” чуулганы илтгэгчид онцолж байна. 

Манай нүүрсний экспортын 99 хувь нь Хятад улс руу гардаг. Харин Австрали улсын нийт нүүрсний экспортын 60 хувийг урд хөрш импортлож буй аж. Өнгөрсөн онд Хятад улсын импорт 23 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэгдэх шалтгаан нь дотоодын уурхайнуудын ажиллах хоногийг 365-276 болгож бууруулсантай холбоотойг хятадын мэргэжилтнүүд онцлов.

Чуулганы үеэр Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөү Рэнээс дараах асуултад хариулт авсан юм.

-Монгол  Улс дахь Нүүрсний салбарын хамтын ажиллагааны талаар та юу хэлэх вэ?

- Хятад улс Индонези, Австрали, Монгол, ОХУ-аас нүүрс авч байна. Монгол Улс бол нүүрсний нийлүүлэлтээрээ  Хятадын гуравдагч түнш юм. Энэ жил Монгол Улсын нүүрсний экспорт сэргэлээ. Өнгөрсөн жил Монгол улсаас манай улс 24 сая тонн нүүрс худалдан авсан.

– "Ганц мод" боомтын чиглэлд  улс хоорондын ачаа тээвэрлэлт асуудалтай байгаа. Үнэндээ манай улс найман боомтын хоёрыг нь л ашиглаж байна. Эл гарцыг Хятадын талаас нэмэгдүүлэх хэр боломжтой вэ?

-Ганц модны боомт бол нүүрсний тээвэрлэлтийн гол цэг. Тиймээс энэ боомтын үйл ажиллагаа хэвийн жигд явах ёстой. Боомтын тоог нэмэгдүүлэх асуудлыг БНХАУ-ын төрийн зөвлөлөөс шийдэх асуудал учраас би үүнд хариулах боломжгүй.

-Он дуустал Хятад улс Монголоос хэдий хэр хэмжээний нүүрс авах боломжтой вэ?

-Энэ оны эхний таван сард 15 сая тонн нүүрс авсан дүн мэдээ байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийн үзүүлэлтээс буурахгүй байх гэж харж байна.

-Та Монгол Улсын нүүрсний өрсөлдөх чадвар болоод чанарын тухайд юу хэлэх вэ?

-Монголын нүүрсний чанар сайн. Монгол Улсын нүүрсний чанар хагас зөөлөн, бага хэмжээний үнслэгийн агууламжтай байдаг учраас сайн бүтээгдэхүүн байж чаддаг. Энэ хэрээрээ боловсруулалт хийхэд хялбар байдаг юм.

 -Монгол-Хятад улсын нүүрсний ассоциациуд ямар хамтын ажил өрнүүлж байгаа вэ?

-Бид энэ удаагийн чуулганаар нүүрсний салбарын мэдээллийг солилцлоо. Зөвхөн нүүрсний хамтын ажиллагаагаар зогсохгүй дэд бүтцийн асуудалд хамтрах боломжтой. 
 
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд