top banner
Шуурхай мэдээ

Хоёрдугаар сургуулийн хамт олон ургацаа хураав


2017-09-08 21:40:25
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Хоёрдугаар бүрэн дунд сургуулийн хамт олон сургуулийн дэргэдэх хүлэмжиндээ арав гаруй нэр төрлийн нарийн ногоо тариалсан тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл тус хамт олон ургацаа хурааж эхэлжээ. Туршилтаар тарьсан нарийн ногоонууд маш сайн ургасан, ирэх жил бүр их ногоо тарих болно хэмээн Солонгос улсаас ирсэн, сайн дурын ажилтан Ким Хөн чол хэллээ.  
Хоёрдугаар БДС-ийн хамт олон гурван жилийн өмнө өөрсдийн хүчээр хоёр хүлэмжийг сургуулийнхаа хашаанд барьжээ. Нэгдүгээр хүлэмжинд халуун чинжүү, амтат төмс, сармис, вандуй, кимчиний байцаа, цагаан манжин, шийгуа, эрдэнэ шиш гээд Сүхбаатар аймагт тэр бүр тариалаад байдаггүй арав гаруй нэр төрлийн нарийн ногоо  тариалсан бол, хоёрдугаар хүлэмжинд төмс, хулуу тарьжээ. “Бид өнгөрсөн долоо хоногоос ургацаа хурааж эхэлсэн, ургац маань арвин байна. Энэ жилдээ сургуулийнхаа багш ажилчдад тараагаад дуусаж байна. Ирэх жилээс бүр их хэмжээгээр тарих боломжтойг анзаарлаа. Энэ жилийн ургацаа хараад маш их урам орсон...” хэмээн сургуулийн захирал С. Батчулуун хэлэв.

Эдгээр хүнсний ногоог сургуулийн ахлах ангийн сурагчид, биологийн багш нартайгаа хамтран суулгасан бол арчилгааг тус сургуульд Солонгос улсаас ирэн ажиллаж буй сайн дурын ажилтан Ким Хөн Чол гардан гүйцэтгэжээ. Тэрээр  хэлэхдээ “Хүлэмжийн аж ахуйд хамгийн чухал нь ус, нар, агаарын температур байдаг. Дээрээс нь хүнд хайр хэрэгтэй байдагтай адил ургамалд ч мөн хайр хэрэгтэй. Тэд амьд биет учир байнга арчиж тордон, бас ярилцах хэрэгтэй. Тэр хирээр сайн ургадаг. Бидний туршилтын тариалалт амжилттай болж, хамт олонтойгоо хамтдаа ийм арвин ургац авч байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл маань оготно байлаа. Энд маш их оготнотой. Тэд нараас жимс ногоогоо хамгаалах гэж нилээн сандарлаа...” гэв.

Хүлэмжийн ногоонуудыг тариалахдаа ямар нэгэн химийн бодис, бордоо ашиглаглаагүй, мөн шавьж устгах бодис огт хэрэглээгүйг онцлов.
Т. Одончимэг
 

Монгол брэнд