top banner

Венецийн кино наадмын тэргүүн шагналыг Мексикийн найруулагч хүртэв


2017-09-10 06:41:12
Зураг
 ВЕНЕЦ. /ВВС/. Венецийн 74 дэх удаагийн олон улсын кино наадам наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Мексикийн найруулагч Гильермо дель Торо романтик-уран зөгнөлт “Усны хэлбэр” киногоороо энэ наадмын тэргүүн шагнал болох “Алтан арслан”-г хүртжээ.

Готик аймшгийн кинонуудаараа нэрд гарсан найруулагч Гильермо дель Торо шагнал авсныхаа дараа үг хэлэхдээ “Энэ нэр хүндтэй шагналыг надад өгсөн нь мангас гэж байдагт итгэдэг хүмүүс байдгийн нотолгоо юм. Миний авсан энэ шагнал Мексикийн болон Латин Америкийн залуу найруулагчдын уран бүтээл туурвих онгодыг улам бүр бадраана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Түүий “Усны хэлбэр” кинонд усанд амьдардаг араатан амьтанд дурласан нэгэн үйлчлэгч эмэгтэйн тухай гардаг байна.

Харин уг кино наадмын дэд шагнал болох “Шүүгчдийн нэрэмжит шагнал” буюу “Мөнгөн арслан”-г Израилийн найруулагч Самуэл Майзо “Фокстрот” киногоороо хүртжээ.

Мөн шилдэг найруулагчид олгодог “Мөнгөн арслан”-г Францын найруулагч Ксавье Легран “Баривчилгаа” киногоороо хүртсэн байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд