top banner
Шуурхай мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Урлагийн наадам" зохион байгуулна


2017-09-10 13:09:21
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор хоёр шаттай “Урлагийн наадам” энэ сарын 11-21 хооронд зохион байгуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцох боломжийг олгох, өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон салбар зөвлөлүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг урлагийн наадмыг зохион байгуулж байна гэж аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс мэдээлэв.

Урлагийн наадмыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Монгол туургатан театр хамтран зохион байгуулж байна.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн дунд болох “Урлагийн наадам”-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. 

Эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 11-ны өдөр буюу даваа гарагт 27 сум бүр өөрийн сумын ХБИргэдийн дунд урлагийн дөрвөн төрлөөр зохион байгуулна. Уралдааныг мэргэжлийн уран бүтээлчид шүүж шилдэг авьяастныг тодруулна. Эхний шатанд шалгарсан авьяастнууд энэ сарын 21-ны өдөр болох хоёр дахь шатны шалгаруулалтад оролцох юм.

Түрүүлсэн төрөл тус бүрд өргөмжлөл, 200.000 төгрөг хамт гардуулах бол удаах байранд шалгарсан авьяастнуудад өргөмжлөл, 100.000 төгрөг дагалдах юм.


 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд