top banner
Шуурхай мэдээ

Өвс, тэжээл, хужир шүүний нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч байна


2017-09-10 15:06:49
Зураг

Ховд /МОНЦАМЭ/. 2017 онд нийт нутгаар зуншлага гандуу талдаа, өвс ногоо муу гарсан учраас мал өвөлжих, хаваржихад хүндрэл учрах магадлалтай байна. Тиймээс аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг  хэрхэн ханган ажиллаж буй талаар Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзоригоос тодрууллаа.  

-Энэ онд манай аймагт хичнээн тоо толгой мал өвөлжих вэ? 

-За, тоо баримтаас дурдахад, Манай аймгийн нийт 91 багт 7279 малчин өрхийн 3714,1 мянган мал, хонин толгойд шилжүүлснээр 5417,1 мянган мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Үүнээс гадна Хилийн зурвас бүс нутагт 124 өрхийн 152,6 мянган мал,  Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1209 өрхийн 844,4 мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 423 өрхийн 348,4 мянган мал байгаа гэсэн  урьдчилсан мэдээтэй байна.

-Ихэнх нутгаар мал өвөлжих, хаваржихад хүндрэл учрах магадлалтай байна.  Энэ тал дээр ямар зохицуулалт  хийх вэ?
-Аймгийн дүнгээр нийт нутгийн 10 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын судалгааны дүнгээр нутгийн 20 орчим хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр бэлчээрийн даац онцгой их хэтэрсэн сумдад мал өвөлжих, хаваржихад хүндрэхээр байгаа учраас тухайн орон нутгийн зүгээс өвлийн бэлтгэл хангахдаа зөв зохион байгуулалт хийж, бүх сум, багуудын өвөлжилт хаваржилтын нарийвчилсан зураглал, төлөвлөгөө гаргах, зарим малчид өөр сумын нутагт отор нүүдэл хийх, хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах шаардлага гарч байгаа юм.

-Тэгэхээр аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 
-2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах  тухай Засгийн Газрын 2017 оны 186 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар албан даалгавар тус тус батлагдан гарсан. Манай байгууллага эдгээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх сумдад албан бичгээр мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.
Саяхан бүх сумдын өвөлжилтийн бэлтгэл, хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэх үйл явц, ургац хураалтад ажиллаж байгаа хүн хүч, машин, техник, зоорь, мал, мах бэлтгэл, отор нүүдлийн талаар мэдээлэл авах, судлах зорилгоор газар дээр нь үзэж танилцаад ирсэн.
Урьд жилүүдтэй харьцуулахад ихэнх нутгаар нэлээд гандуу зуслан болсон учраас хадлангийн гарц төдийлөн сайн гараагүй. Өөрөөр хэлбэл, 100 боодол өвс\прес\ авдаг газраас 50-60 орчим боодол прес гарсан жишээтэй. Нөхцөл байдал бодитоор “ийм л байна” гэсэн дүгнэлтийг Хадланчид хэлж байгаа юм. Тийм учраас бид Сум орон нутгийн удирдлагууд, малчид, ард иргэд, албан байгууллагуудтай нягт  хамтран ажиллаж өвс, тэжээл, хужир шүүний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Зөвхөн өвс бэлтгэх ажлыг аваад үзэхэд, сумууд өөрсдөө дотооддоо санаачилга гаргаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах чиглэлээр Сумын Тамгын Газар, ИТХ, Албан байгууллагуудаа  дайчлан гаргаж өвс тэжээл бэлтгэж байгаа. Жишээлбэл, Цэцэг сумыг хамгийн түрүүнд дурьдмаар байна. Сумын бүх албан хаагчидаа гаргаж  сумын нөөц 30 тонн өвсийг бэлдсэн гэсэн мэдээ өгсөн. Ийм сайшаалтай ажил олон байгаа.
Түүнчлэн малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс бүх сум, багуудын “Малчдын өрх гэрийн судалгаа”-г дэлгэрэнгүй байдлаар авч байна. Магадгүй цаг хүндэрсэн нөхцөлд бид Малчдын нийгмийн байдлын судалгаанд тулгуурлан олон улсын тусламж хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.  

-Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хэчнээн тонн өвс, тэжээл, хужир шүү бэлтгэсэн вэ?
-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах албан даалгаврын хүрээнд Ховд аймаг 60,0 мянган тн хадлан, 4,0 мянган  тн гар тэжээл, 5,7 мянган тн хужир шүү бэлтгэх үүрэгтэй. Үүнээс 08 дугаар сарын 30-ны байдлаар хадлан 36,7 мянган тн, гар тэжээл 546,8 тн, хужир шүү 2543,2 тн-ыг тус тус бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт бэлтгэх хадлангийн 62,6%, гар тэжээлийн  13,6 хувь,  хужир шүүний 44,0 хувийг  тус тус бэлтгэсэн байгаа юм. Ер нь хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэлийн явцын мэдээг 7 хоног тутам сумдаас авч, холбогдох газруудад мэдээлэн ажиллаж байна.  
 
-Малчдын өвөлжилтийн хувийн бэлтгэл, хашаа саравчны хангамжийн  талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Манай ХХААГ-аас Сум, баг бүрт  чиглэл өгч Малчдын хувийн бэлтгэл болох хоол хүнс, дулаан хувцас, түлээ нүүрс, шатахуун, тослох материалыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөхыг зөвлөж байгаа. Хашаа саравчны тухайд Аймгийн дүнгээр ашиглахад бэлэн нийт 9072 хашаа байна.

-Цаашид ямар ажлуудыг төлөвлөсөн вэ?
-Манай байгууллага Сум орон нутаг, багуудад өвөлжилт хаваржилтын нарийвчилсан зураглал, төлөвлөгөө гаргах үүрэг чиглэл өгсөн байгаа. Үүний дагуу Малчдыг дулаан хувцас, хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр хангаж, бензин шатахуун нөөцлөх ажлыг аж ахуйн нэгж, бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай  хамтран зохион байгуулна.
Цаг агаарын хүндрэлтэй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах явдлаас урьдчилан сэргийлж зам засвар техникийн бэлэн байдлыг хангаж, малчид олноор нүүн нутаглаж байгаа газарт  хүн мал эмнэлэг, төрийн бусад үйлчилгээг шуурхай хүргэх, цаг агаарын шуурхай мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гүйцэтгэнэ.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийн салшгүй хэсэг болох малын эрүүл мэндэд онцгой анхаарч Малыг дотоод ба гадаад шимэгчээс хамгаалах эмчлэх, хүрэлцэхүйц хэмжээний эм бодисоор хангах нөөц бүрдүүлнэ. Мөн мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийж онд орох бололцоогүй малыг заазлан мах бэлтгэж, мал мах борлуулах  ажлыг зохион байгуулах гэж байна.
Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг сум, аймгийн хэмжээнд бүрэн бэлтгэх, гаднын аймаг сумуудад өвс борлуулахыг хязгаарлах арга хэмжээг авч, Отроор мал өвөлжүүлэх гэрээ хэлэлцээрийг 09 сард багтаан зохион байгуулж, малын урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малыг отроор өвөлжүүлэхэд онцгой анхаарах үүрэг чиглэлийг сумдад өгч ажиллах болно. 
А.Бямбасүрэн
 

Монгол брэнд