top banner

МУИС-ийн Завхан сургуулийн оюутнууд онлайнаар хичээл заалгаж эхэлжээ


2017-09-10 22:03:14
Завхан /МОНЦАМЭ/. Завхан дахь Монгол Улсын  Их Сургуулийн салбар Завхан сургууль зайн сургалтын төвөөрөө дамжуулан зарим мэргэжлийн хичээлийг төв сургуулиасаа оюутнуудад зааж байна.

Энэ жилээс эхлэн тус сургуулийн оюутнууд МУИС-ийн багш нар болон профессоруудын хичээлийг өөрсдөө сонгож заалгах, МУИС-иас зарим нэг шаардлагатай хичээлийг шууд сонсох, онлайн лекц авах, хурал зөвлөлгөөн зэрэг олон төрөлт ажлуудыг шууд хийж байна. Ирэх 11 дүгээр сараас гадаад, дотоодын хамтын ажиллагаатай их дээд сургууль, байгууллагатай хамтран онлайн нээлттэй хичээлийг явуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Дашрамд дурдахад, Завхан сургуульд баруун бүс нутгийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудаас оюутнууд суралцдаг. Тус сургуульд 70 гаруй эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид ажиллаж, бизнесийн удирдлагын зургаан хөтөлбөр, электрон системийн автоматжуулалт хөтөлбөр, багш, англи хэлний боловсрол хөтөлбөр гэсэн бакалаврын найман хөтөлбөр, магистрын долоон хөтөлбөрөөр нийт 600 орчим оюутан бакалавр, магистрын түвшинд суралцаж байна.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд