top banner
Шуурхай мэдээ

Оюутан сурагчдыг шүлхийн голомтот бүсээс гаргажээ


2017-09-10 22:55:12
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сум Бөхөгийн гол, Алтанбулаг сумын Сүжгийн адагт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар Сэргэлэн сумын нутагт гарсан өвчлөл намдсан бол Алтанбулаг сумын Сүжгийн голд буусан хоёр айлын малын өвчлөл зогсоогүй байна.

Голомтын бүсийн хяналтын долоон цэгт 11 сумын 33 мэргэжилтэн хорио цээрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12 сумын 843 өрхийн 19 мянга 687 үхэр, 341 мянган малыг тус тус вакцинжуулсан бөгөөд нэмэлт вакцинжуулалт дуусч байна. Вакцинжуулалтад 29 ажлын хэсэг 81 хүн ажилласан бөгөөд вакцинжуулалт 100 хувьд хүрсэн гэж аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн албаны дарга Б.Болдбаатар хэллээ.

Шүлхий өвчин дэлгэрсэн Сэргэлэн сумаас 273 үхэр, 93 бог, Алтанбулаг сумаас 36 үхрийг тус устгалд оруулжээ. Түүнчлэн хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан аймгийн “Онцгой комисс"-ын шийдвэрээр ажлын хэсэг гарч голомтын бүс дотор байгаа 17 өрхийн 52 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, 12 оюутан, сурагчийг тус бүсээс гаргажээ.

Мөн Сэргэлэн сумын Бөхөгийн гол намаржиж байгаа айл өрхүүдэд Баянхангай, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцогт, Аргалант, Угтаал-Цайдам зэрэг сумдын удирдлагууд хүнсний бүтээгдэхүүн, эм тариа зэрэг хэрэглээний зүйлсийг олгосон аж.

Цаашид энэ сарын 15-аас ирэх сарын нэгний ОХУ-аас орж ирэх нэмэлт вакцинаар 27 сумын бүх малыг вакцинжуулна. Эхний ээлжид 300 мянган үхэр, гурван сая хонийг вакцинжуулах юм.

Малын өвчлөл тухайн орон нутгаас биш өөр газраас отроор нүүж ирсэн айлуудад малын өвчлөл их тохиолдож байна. Тиймээс отор нүүдлээр явахдаа малаа вакцинжуулалтад хамруулж явахыг аймгийн ХХААГ-аас анхааруулав. 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд