top banner
Шуурхай мэдээ

Орост цахим мөнгөний эргэлтийг зохицуулах хуулийн төслийг энэ ондоо багтаан өргөн барина


2017-09-11 09:32:29
Зураг
ВЛАДИВОСТОК./TASS/. ОХУ-ын эрх баригчид энэ ондоо багтаан Орост криптовалютын эргэлтийг зохицуулах хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

“Улс орнууд бүгд санхүүгийн энэ хэрэгслийг ашиглах явдлыг хуулиар зохицуулах чиглэлд  ажиллаж байна. Энэхүү санхүүгийн хэрэгсэл маш их тогтворгүй, өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг үнэтэй, маргааш гэхэд өөр үнэтэй болчихдог. Учир иймээс мөнгөө криптовалютад оруулсан иргэдийг хохироохгүйн тулд манай улсад заавал зохих хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Сангийн яам энэ ондоо багтаан ийм хуулийн төслийг боловсруулан өргөн барина” хэмээн сайд ярьжээ.

9 дүгээр сарын эхээр Төв банк криптовалют болон криптовалюттай холбоотой аливаа санхүүгийн хэрэгслийг ОХУ-ын санхүүгийн арилжаанд оруулахыг зөвшөөрөх цаг нь болоогүй гэдгээ зарласан юм. Мөн Төв банк криптовалютыг ашиглах, түүнд хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй гэдгийг санхүүгийн зах зээлийн бүх оролоцогчид болон иргэдэд анхааруулсан юм. Санхүүгийн зохицуулагч байгууллагын мэдээлэлд, криптовалютаар гүйлгээ хийх, түүнчлэн ICO-гоор /Initial Coin Offering – шинэ криптовалют/токеныг гаргах, борлуулах замаар иргэдийн хөрөнгө оруулалтыг татах хэлбэр/ дамжуулан санхүүжилт татах үед тухайн криптовалютын ханш огцом хэлбэлздэгийн улмаас өндөр эрсдэлтэй гэж онцлон дурджээ. Криптовалютын ихэнх гүйлгээ ОХУ-д эрх зүйн зохицуулалтгүй хийгдэж байгаа төдийгүй криптовалют Оросын банкаар баталгааждаггүй байна.

Төв банкны тэргүүн Э.Набиуллина Москвагийн санхүүгийн чуулга уулзалт дээр криптовалютыг Оросын зах зээлд нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ.

Төв банк, Сангийн яам криптовалютыг ОХУ-д хууль ёсоор ашиглах саналыг боловсруулах ажлыг хийж байгаа аж. Төрийн думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Анатолий Аксаков криптовалютын эргэлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал энэ оны намар гэхэд бэлэн болно гэж ТАСС агентлагт мэдээлжээ.
О.Барс 

Монгол брэнд