top banner
Шуурхай мэдээ

Н.Түвшинбаяр аваргын хүндэтгэлийн наадамд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ


2017-09-11 10:46:25
Зураг
Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн их наадмын Монголын анхны аварга, анхны хос медальтан, жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, улсын заан, даншигийн начин Н.Түвшинбаярын хүндэтгэлийн наадам Сайхан суманд болж, Монгол Улсын далай, даян, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням  зэрэг үндэсний бөхийн алдартнуудаас гадна аймгаас төрсөн алдар цолтноос эхлээд ард иргэд зорин ирж аймгийн баяр наадам шиг хөлтэй наадлаа. 

Аварга Н.Түвшинбаяр багш нартаа эхлэн хүндэтгэл үзүүлсний дараа Сайхан сумын Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Засаг дарга, Улаанбаатар, Орхон аймаг дахь нутгийн зөвлөл, “Авзага трейд” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр, жудо бөхийн холбоо зэрэг байгууллага, иргэд улсын заанд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадмын үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн харьяат, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, мөн аймгийн харьяат, Улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.
Хурдан азарганы уралдаанд Булган аймгийн Дашинчилэн сумын аймгийн алдарт уяач Д.Зоригоогийн бор, их насны морьдоос Дундговь аймгийн Хулд сумын аймгийн алдарт уяач н.Баттөгсийн хүрэн морь түрүү магнайд хурдаллаа.

Булган, Орхон, Архангай зэрэг аймгийн 15 багийн шагайн харваачид оролцсон наадамд Булган аймгийн Сайхан сумын “Илчит металл” ХХК-ийн Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түшинжаргал ахлагчтай баг түрүүлж, цуваа харваанд улсын хошой мэргэн Н.Баттөгс шалгарлаа.
М.Батжаргал

Монгол брэнд