top banner
Шуурхай мэдээ

“Аль-Каида” бүлэглэлийн АНУ-ын эсрэг 9/11-ний халдлагаас хойш 16 жил өнгөрч байна


2017-09-11 13:30:20
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. 2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагийн өглөө лалын  босогчдын “Аль-Каида” бүлэглэлийнхэн АНУ-д дөрвөн террорист халдлага үйлдэж байсан билээ. Эдгээр халдлагын үеэр 2997 хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртэж, наад зах нь 10 тэрбум долларын эд материалын хохирол учирч байв. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд 9/11-тэй холбогдуулан ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа үг хэлнэ гэж тус улсын мэдээлийн "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээллээ.

Терррист халдлагуудын үеэр амь үрэгдсэн 3000 орчим хүний дурсгалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Мелани Трамп нар болон америкчууд нэг минутын турш дуугүй зогсох ажээ.
 
АНУ-ын иргэний агаарын тээврийн “Американ Эйрлайнс” болон “Юнайтед Эйрлайнс” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида”-гийн 19 террорист булааж, дээрх халдлагуудыг үйлдсэн юм. “Американ Эйрлайнс”-ын 11, “Юнайтед Эйрлайнс”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хор хохирол учруулсан юм.

Гурав дахь онгоц болох “Американ Эйрлайнс”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржини муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын БХЯ буюу Пентагоны төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ.

Тэгвэл дөрөв дэх онгоц болох “Юнайтед Эйрлайнс”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм.

Есдүгээр сарын 11 нь мөн АНУ-ын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн олон гал сөнөөгч болон хууль сахиулагч амиа алдсан өдөр болж, түүхэнд хараар тэмдэглэгдэн үлджээ. Тодруулбал, энэ өдөр 343 гал сөнөөгч, 72 цагдаа амиа алдсан байна.

Энэ террорист халдлагуудыг үйлдсэн гэж шуудхан “Аль-Каида” бүлэглэлийг сэжиглэсэн юм. Террорист халдлагуудын дараа АНУ “Аль-Каида”-гийнхныг орогнуулж байсан “Талибан” бүлэглэлийг дарахын тулд Афганистанд терроризмтой тэмцэх дайн зарласан билээ. Мөн олон улс орон терроризмын эсрэг хууль тогтоомжоо чангатгаж, террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд хууль сахиулах болон тагнуулын байгууллагын эрх мэдлийг өргөжүүлсэн.

“Аль-Каида”-гийн толгойлогч Усама бен Ладен энэ террорист халдлагуудтай ямар ч холбоогүй гэж эхэндээ үгүйсгэн няцааж байсан ч 2004 онд цуврал халдлагын хариуцлагыг хүлээсэн юм.  АНУ Израилийг дэмжиж, Саудын Аравид цэргүүдээ байлгаж байгаа болон Иракийн эсрэг хориг арга хэмжээ авсан зэрэгтэй холбоотойгоор 9/11-ний халдлагуудыг үйлдсэн гэж “Аль-Каида” болон Бен Ладен хожим нь мэдэгдэж байв. Энэ террорист халдлагуудаас бараг 10 жилийн дараа буюу 2011 оны тавдугаар сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай баг Усама бен Ладеныг устгасан юм.

Террористууд Дэлхийн худалдааны төвийн цамхгууд болон ойр орчмын барилгуудыг нураасан нь АНУ-ын эдийн засаг төдийгүй дэлхийн зах зээлд ихээхэн сөргөөр нөлөөлж, Америкийн санхүүгийн дүүрэг “Уолл Стрийт” есдүгээр сарын 17 хүртэл “хаалгаа барьж”, АНУ болон Канадын агаарын тээврийн орон зайг есдүгээр сарын 13 хүртэл хааж байв. Мөн террористууд дахин халдлага үйлдэж болзошгүй гэсэн айдас, болгоомжлолын улмаас олон байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, олон арга хэмжээг цуцалж байлаа.
Дэлхийн худалдааны төвийн нурангийг цэвэрлэх ажил 2002 оны тавдугаар сард дууссан бол Пентагоныг нэг жилийн дотор засварлажээ.

Дэлхийн худалдааны төвийн цамхаг байсан газарт “Нэг дэлхий” худалдааны төвийг барих ажил 2006 оны 11 дүгээр сарын 8-нд эхэлж, тус барилга 2014 оны 11 дүгээр сарын 3-нд ашиглалтад оржээ. Мөн хохирогчдын дурсгалд зориулсан олон байгууламжийг барьсан юм. Тухайлбал, Нью-Йорк хотод 9/11-ний дурсгалын музей, Виржини муж улсын Арлингтон хошуунд Пентагоны дурсгалын газрыг байгуулсан юм.

 
Г.Доржханд


 

.

Монгол брэнд