top banner
Шуурхай мэдээ

НҮБ Мексикт туслахад бэлэн байгаагаа зарлав


2017-09-11 15:08:14
Зураг
НЬЮ-ЙОРК. /Спутник/. Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Мексик улсад НҮБ шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдсэнийг Оросын “Спутник” мэдээллийн агентлаг уламжиллаа.
 
“Мексик улс тусламж хүссэн тохиолдолд НҮБ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж С.Дужаррик ням гарагт мэдэгдэхийн сацуу газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
 
Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш Мексикийн Засгийн газар болон ард түмэнд эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан тэнхрэхийг хүссэнийг С.Дужаррик дурдсан байна.
 
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Мексикийн Пихихьяпан хотоос баруун өмнө зүгт 100 км зайтай орших газарт 35 км-ийн гүнд Рихтерийн шаталбараар 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ нь сүүлийн 100 жилийн хугацаанд тус улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.

Газар хөдлөлтийн улмаас 90 хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байгаа бол эд материалын хохирлын хэмжээ хараахан тодорхойгүй байна.
Г.Доржханд
 
 
 
 


Монгол брэнд