top banner

“Эрүүл Архангай” өдөрлөгт иргэд идэвхтэй оролцжээ


2017-09-11 15:19:17
Зураг
Архангай \МОНЦАМЭ\. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар “Эрүүл Архангай” эрүүл мэнд, урлаг, спортын өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү өдөрлөгийн зорилго нь иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны аргачлалын сургалтыг сумдын эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг оролцуулан явуулсан байна.

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 15-40 нас, 65-аас дээш насны иргэдийг С вирусын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, цаашид С вирусын халдвартай иргэдийг эмчлэн, эрүүлжүүлэх “Элэгний эмгэггүй Архангай-2” төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлагаар эхлүүлэхээр төслийн нээлтийг хийсэн юм. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Архангай аймгийн хэмжээнд элэгний С вирусын тархалтыг зогсоож, элэгний өвчлөл, хүндрэл, нас баралтыг бодитой бууруулах боломж бүрдэх юм. 

“Эрүүл Архангай” өдөрлөгийн үеэр спортын тэмцээнүүд болсон. Өсвөрийн хөнгөн атлетикийн тэмцээн нь ангийн ялгавартайгаар сурагчид 60-1000 метрт гүйж, уртын харайлт харайсан байна. Тэмцээнд 16 сургуулийн 500 гаруй сурагч орж авхаалж самбаагаа сорьсноос Эрдэнэбулган сумын Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн баг нэгдүгээр байрт оржээ. Хүчний байгууллагын спортын тэмцээнд дөрвөн байгууллага оролцож аймгийн ОБГ-ын баг тамирчид тэргүүлсэн байна. Харин насанд хүрэгчдийн марафон гүйлтэнд 360 гаруй иргэд гүйж оролцжээ.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд