top banner

“Аюулгүй иргэн–Амар тайван Өвөрхангай” төслийг аймгийн Засаг даргад танилцуулав


2017-09-11 16:58:16
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХСИС-ийн Цагдаа судлалын тэнхимтэй хамтран криминологи судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, судалгаанд суурилсан шинжлэх ухаанчаар тэмцэх зорилготой уг судалгааны ажлын дүн ирэх 11 дүгээр сард гарах бөгөөд энэ хүрээнд бодлогын баримт бичиг боловсруулах төслийг ИТХ, Засаг даргын зөвлөлд танилцууллаа.
Уг баримт бичгийн төсөлд иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд төрийн болон ТББ, иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн зүйлийг дурджээ. Тухайлбал, бүх сумдын төв, томоохон гүүрэн гарц, салаа замын уулзваруудыг зураг, төсвийн дагуу хяналтын камерт холбох, сумдын цагдаа нарыг бэлэн бус торгуулийн машин, согтуурал хэмжигч  багаж, бусад техник хэрэгслээр хангах, зам тээврийн осол, зөрчил ихээр гардаг газруудад босоо болон хэвтээ тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, суурин газрын төв, орон нутгийн чанартай хөдөө хээрийн замуудад тэмдэг, тэмдэглэгээ тавих, Онгийн голын гүүр, Хархорин сумын 3 замын уулзвар, Нарийн тээл сумдад Зам тээврийн хяналтын цэг барих зэргийг санал болгожээ.

Аймгийн Засаг даргын зүгээс “Амар амгалан орчинд амьдрах нь иргэн бүрийн хүсэл байдаг учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дэвшүүлсэн санал, ажлын төслийг үе шаттай хэрэгжүүлэх бололцоотой” гэдгийг хэлээд төсөлд иргэдийн саналыг түлхүү авч, дахин танилцуулахыг хүсэв.
Б.Батчимэг

Монгол брэнд