top banner

Зөвлөмжийн биелэлтийг шалгах аян зарлалаа


2017-09-11 18:04:30
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оныг "Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласан бөгөөд Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар "Зөвлөмжийн биелэлтийг хангах" аян зарлалаа.
Аяны хүрээнд 2017 онд санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитад хамрагдсан байгууллагуудад өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдлыг Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 11-нийг хүртэл шалгах аж.
2017 онд хийсэн санхүүгийн тайлан, нийцлийн болон гүйцэтгэлийн аудитаар тогтоосон акт, албан шаардлагыг хугацаанд нь барагдуулсан эсэх, зөвлөмжийн мөрөөр зохиосон ажлын үр дүн, үр өгөөжийг тооцох, төсвийн захирагч, нягтлан бодогч нар төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор тус аяныг зарлажээ. Мөн өмнөх аудитаар гарсан зөрчлүүдийг давтан гаргахгүй байхад онцгой анхаарч, холбогдох ажлыг зохион явуулж байгаа юм байна.
Шалгалтын хүрээнд аудитын акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүртэл арга хэмжээг авах аж.
                                                                                                                                                    Б.Мөнхзул

Монгол брэнд