top banner
Шуурхай мэдээ

Бор овооны өндөрлөгийг “Морин хуур” цогцолбор хэмээдэг болов


2017-09-11 19:07:56
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын хоймор орших Бор овоон дээр 7.5 метр өндөр морин хуур бий. Морин хуур бүхий өндөрлөгийг  “Морин хуур” цогцолбор хэмээн нэрийддэг боллоо.
2007 оныг Дундговь аймаг Бүтээн байгуулалтын жил болгож, Бор овоогоо тойруулан Мандалговь хотын Соёл амралтын хүрээлэнг байгуулсан билээ. Энд ойн төглийг үүсгэж, өөр өөрийн утга билэгдлийг агуулсан хөшөө дурсгалуудаа сүндэрлүүлсэн. Мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, залууст зориулсан бүжгийн талбайг байгуулж,  амарч зугаалан, дасгал хөдөлгөөн хийх орчинг  ард иргэддээ бүрдүүлж өгсөн байдаг. Соёл амралтын хүрээлэнгийн нэг хэсэг болгож, урьд нь Найрамдлын өндөрлөг хэмээн нэрийддэг байсан талбайд Дуу хуурын өлгий нутгийн бэлгэдэл болгож  7.5 метр өндөр морин хуурыг урлаж сүндэрлүүлсэн юм. Энэ нь Мандалговьд саатсан хэн бүхний сониучирхдаг хөшөө дурсгалын нэг болсон билээ.
Өнгөрсөн зун Соёл амралтын хүрээлэнд засвар арчлалт хийсэн. Энэ нь Зава Дамдин гавжийн мэндэлсэний 150 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын нэг болсон бөгөөд үүнд Орон нутгийн хөгжлийн сангаас 58 сая төгрөг зарцуулсан юм. Засвар арчлалт хийх үеэр Найрамдлын өндөрлөг дээрхи морин хуурын өнгийг сэргээн, өндөрлөгийн талбайг засч тохижуулсан бөгөөд Дуу хуурын өлгий нутаг хэмээх утга бэлгэдлийг тод томруун болгохын тулд “Морин хуур” цогцолбор хэмээн энэ өндөрлөгийг нэрийддэг боллоо.

 Т. Отгонтуяа

Монгол брэнд