top banner
Шуурхай мэдээ

Америкчууд 9/11-ний "хар өдөр"-ийг нэхэн дурсав


2017-09-12 08:12:20
Зураг
НЬЮ-ЙОРК. /VOA/. Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 16 жил өнгөрч байгаатай холбоотойгоор америкчууд даваа гарагт хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлийнхэн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булаан террорист халдлага үйлдэж байв. Террористууд хоёр онгоцоор Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг,  нэг онгоцоор нь Вашингтоноос холгүй орших Пентагоны төв байрыг мөргөж нураасан бол үлдсэн нэг онгоц нь Пенсильвани муж улсад сүйрсэн юм. Эдгээр халдлагын үеэр бараг 3000 хүн амиа алдсан билээ.

Энэ хар өдрийг нэхэн дурсах арга хэмжээ Дэлхийн худалдааны төв байсан газраас буюу Доод Манхэттен дүүргээс эхэлсэн байна.

Эхний онгоц Умард цамхгийг мөргөсөн яг тэр цагт буюу Нью-Йоркийн цагаар өглөөний 8:46 цагт хохирогчдын ар гэрийнхэн нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлж, дараа нь хохирогчдын нэрсийг уншжээ.
 
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар 9/11-ний халдлагатай холбогдуулан анх удаагаа үг хэлэхдээ “Бид үнэт зүйлсээ хэзээд хадгалан авч үлдэх болно. Манай улс хөгжин цэцэглэж, бүхнийг ялан дийлэх болно. Бидний хайртай хүмүүсээ гэсэн сэтгэлийн гал хэзээ ч унтрахгүй”  гэжээ.



Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидэн рүү халдсан террористууд биднийг дагжин чичрүүлж, бидний хүчийг сулруулна гэж бодож байсан. Биднийг одоо сорьж байгаа этгээдүүд удахгүй бидэнд ялагдсан дайснуудын жагсаалтад орох болно” гэсэн байна.

АНУ-д төдийгүй дэлхий дахинд терроризмын аюул заналхийлэл нэмэгдсээр байгаа энэ үед америкчууд 9/11-ний хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ.

Д.Трампын засаг захиргаа Афганистан руу цэрэг нэмж илгээхээр төлөвлөж байна. 9/11-ний халдлагын дараа АНУ анх Афганистан руу цэргүүдээ илгээж байсан юм.

АНУ Ирак болон Сирид мөн “Лалын улс” тэргүүтэй террорист бүлэглэлүүдийг дарах цэргийн ажиллагаа явуулж байна гэж “Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээнд дурджээ.
 
Г.Доржханд
 
 
 
 

Монгол брэнд