top banner
Шуурхай мэдээ

Испаниас тусгаар тогтнох хүсэлтэй Каталонийн хэдэн зуун мянган иргэн жагсчээ


2017-09-12 09:03:53
Зураг
БАРСЕЛОНА. /Би-Би-Си/. Испанийн Каталони мужийн хэдэн мянган оршин суугч тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон даваа гарагт болсон Үндэсний баяраараа Барселона хотод жагсаал хийлээ гэж Их Британийн “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Каталони мужийн захиргаа ирэх сарын 1-нд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм. Харин ийм санал асуулга явуулахыг Испанийн Засгийн газар “хууль бус үйлдэл” гэж үзэж байна. Тусгаар тогтнох асуудлаар санал хураалт явуулах тухай хуулийг Каталони мужийн парламентын гишүүд саяхан олонхийн саналаар баталсан юм.

Каталоничуудын дунд саяхан явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, Испаниас тусгаар тогтнохыг дэмжигч болон эсэргүүцэгчдийн тоо бараг адилхан байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээнд дурдсанаар, өөрийн гэсэн хэл, соёлтой каталоничууд нь  өөртөө засах эрхтэй юм. Гэсэн хэдий ч Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонид татварын орлогоос хэтэрхий их мөнгийг Мадридад буюу Испанийн төв засгийн газарт өгч байна гэх яриа тархах болжээ. Тусгаар тогтнох асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон нь үүнтэй холбоотой ажээ.

2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш Испани эдийн засгийн хямралтай хэвээр байгаа юм. Тухайлбал, тус улсад ажилгүй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Энэ мэт асуудал нь каталоничуудад “тусгаар тогтносон нь дээр” гэсэн хандлагыг бий болгожээ.

Өчигдөр Барселона хотын төвд болсон жагсаалд Каталонийн бүх насныхныг хамарсан 500 мянга орчим хүн оролцсон байна. Бараг 2000 автобусаар хүмүүсийг зөөж авчирч, жагсаалд оролцуулсан аж.

Г.Доржханд

 

 

Монгол брэнд