top banner

Аки башёгийн ганц Их аварга хоёр даваад байна


2017-09-12 10:45:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё өнгөрсөн ням гарагт эхэлж, дөрвөн Их аваргаас ганцаараа барилдаж байгаа 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж хоёр даваатай байна.

Тэрбээр хоёр дахь даваагаа маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдан давсан юм. Харин өнөөдөр озэки цолоо алдсан Котошёогикүтэй барилдана. Аки башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь Их аварга Кисеносато нар бэртлийн улмаас өнжсөн юм.

Монгол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдаж өвдөг шороодон хоёр унаатай боллоо. Тэрүнофүжи энэ сард наймаас доош даваа авбал озэки цолоо алдах эрсдэл байгаа. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Монгол сумочдын даваа, унааг сонирхуулбал, Их аварга Харумафүжи Д.Бямбадорж 2-0, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2, Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1, Маэгашири-6 Ичиножёо А.Ичинноров 0-2, Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2, Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 2-0, Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 1-1 гэсэн даваа, унаатай байна.
Д.Өлзий

Монгол брэнд