top banner

Үе үеийн хэлмэгдүүлэлтийг сануулах хөшөө босгоно


2017-09-12 10:50:25
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын ИТХ-аас “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө” босгохоор шийдвэрлэж, загварын уралдааныг зарлаад байна.

Үе үеийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хойшид аливаа хэлмэгдлээс сэргийлэх, хойч үедээ сургамж болгох зорилгоор уг хөшөөг босгох бөгөөд хөшөөний загварыг бүтээхдээ хэлмэгдүүлэлт нь зөвхөн 1937 оны цаг үеэр хязгаарлагдахгүй гэсэн санааг оруулах аж. Тодруулбал 1930-1940 онд хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам, төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж, ноёд, лам хуврагууд, жирийн иргэд 30 гаруй мянган хүн өртсөн гашуун түүхийг, 1960, 1970, 1980-аад онуудад сэхээтний төөрөгдөл нэрээр цөлдөг, нутаг заадаг, үр удмаар нь төрийн дайсан болгож хавчин гадуурхах байдлаар хэлмэгдүүлж байсныг, өнөө цагт үзэл бодол, намын харьяаллаар нь ажлаас халах явдал хавтгайрч, одоогоор 22 мянган иргэд төрийн албанаас халагдаж сэтгэл санаа, амьдрал ахуйгаараа хохирч байгааг тусган харуулах юм.

Хөшөөнд “Өр зүрхийг цөмлөсөн, өрх айлыг түйвээсэн, үр хүүхэд, удамд үргэлжлүүлэн гай болсон, үе үеийн хэлмэгдүүлэлт үндсээрээ устах болтугай, үргэлж санан сэрэмжилтүгэй” гэсэн үгийг заавал сийлж, хэлмэгдсэн 280 гаруй хүнийг бичих ёстой гэдгийг зохион байгуулагчид сануулж байна.

Шилдгээр шалгарсан уран бүтээл ирэх оны есдүгээр сарын 1 гэхэд Эрдэнэ зуу хийдийн хоймор талд хөшөө болон сүндэрлэх бөгөөд уран бүтээлчийг нэг сая төгрөгөөр шагнана.

Дашрамд дурдахад Хархорин сумын хувьд Баруун хүрээ, Эрдэнэзуу хийдээс 400 гаруй лам хувраг хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 280 гаруй  хүний нэр цагаатгалын цагаан номонд бичигдсэн байна.
Б.Батчимэг

Монгол брэнд