top banner
Шуурхай мэдээ

Сэлэнгэ аймаг энэ жил 17130 га-гийн ургац алдах урьдчилсан тооцоо гарчээ


2017-09-12 11:30:31
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд энэ намрын ургац хураалтын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эрт эхэллээ. Учир нь энэ жил хур бороо хугацаандаа гүйцэд сайн ороогүйн улмаас хөрсөн дээр ихээхэн хэмжээний халалт үүсч газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлжээ. Хэдийгээр ургац хураалт эрт эхэлсэн ч сүүлийн өдрүүдэд орсон усархаг бороо газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дорвитой сайн ажиллуулж чадсангүй.

Сэлэнгэ аймаг 2017 оны хавар аймгийн хэмжээнд 203.0 мянган га-д тариалалт хийснээс 157.7 мянган га-д нь үр тариа тариалсан юм. Энэ намрын ургац тогтоолтын урьдчилсан тооцоогоор Сэлэнгэ аймаг энэ жил 17817 га-гийн ургац алдаж байгаа мэдээлэлтэй байна. Энэ нь 137.9 мянган га-гаас дунджаар 10.5 цн буюу 145.1 мянган тн үр тариа хураан авах төлөвтэй байгааг харуулж байгаа аж. Улаанбуудайн тариалалтын хувьд 151.0 мянган га-д тариалалт явуулснаас 17130 га-гийн ургац алдаж, 132.2 мянган га-гаас 10.6 буюу 140.4 мянган тн-ыг хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Бусад таримлын хувьд ч гэсэн багагүй хэмжээний ургац алдаж байгаа гэнэ. Энэ талаар урьдчилсан тооцоог аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд наймдугаар сарын дунд гэхэд гаргаж холбогдох газрууд руу мэдээлсэн байна. Иймээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн ургац хураалтын ажлыг 20-28 хоногт багтаан хураах талаар аймгийн ХХААГ-аас үр тарианы аж ахуй эрхлэгч компани, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байгаа юм.

Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр “Сэлэнгэ аймгийн тухайд цаг агаарын талаамжтай нөхцөл бүрдсэн зарим жилүүдэд ургац хураалтын ажлыг аж ахуйн нэгжүүд ихэнхдээ есдүгээр сарын 10-дын үеэр эхэлдэг. Харин энэ жилийн хувьд хаврын тарилтын хугацаанаас үл хамаарч нэгэн зэрэг болц нь жигдэрсэн тул ургац хураалтын ажлыг эрт эхлүүлэх нөхцөл үүссэн” хэмээн ярилаа.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд