top banner
Шуурхай мэдээ

Үүх түүхийн үнэт гэрч өв соёлыг ямар түвшинд хадгалан хамгаалж байна вэ?


2017-09-12 12:41:55
Зураг
Завхан/МОНЦАМЭ/.Нүүдэлчин монголчуудын олон арван жилийн туршид бий болгосон ахуй соёл, аж байдлын өвөрмөц онцлог, түүх соёлын өвүүд жилээс жилд цөөрч, зарим нь устан үгүй болж байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болоод байна.

Тэгвэл соёлын өвийг чухам яагаад хадгалж хамгаалах асуудал гарч ирэв хэмээх асуулт яах аргагүй гарч байна. Тодруулбал 2011 оны байдлаар Монголын нийт хүн амын 67 хувь нь төв суурин газар, түүний дотор хүн амын тал шахам хувь нь нийслэл хотноо оршиж буй бүртгэл судалгаа гарчээ. Нүүдэлчдийн ахуй орчин, амьдралын хэв маяг, аж төрөх ёс ийнхүү хурдацтай өөрчлөгдөхөд түүнд шүтэн барилдаж асан соёлын өвийн үнэт зүйлс устаж мартагдах, уламжлалт ёс заншил алдрах, бусад үндэстний соёлд уусан замхрах аюул бодитой оршиж буй юм.Тиймээс Монгол улсын хэмжээнд  соёлын өвийн төрөл зүйлүүдийг судлах, шинээр олж тогтоох, хадгалах хамгаалах, өвлөн уламжлах асуудал эрчимжиж  байгаа юм. Тиймээс Завхан аймгийн тухайд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, энэ асуудалд хандсан бодлого чиглэл ямар түвшинд байгаа талаар уншигч танд хүргэе.


Юуны өмнө Соёлын өвийг хамгаалах тухай Монгол улсад ямар бодлого, баримт бичиг байгаа талаар өгүүлье. Монгол улс соёлын өвийг хамгаалах тухай хуулийг  2001 онд батлан хэрэгжүүлж  эхэлснээс хойш 2014 онд дахин шинэчлэн найруулсан байдаг. Энэхүү хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх,  зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа холбоог зохицуулахад оршдог байна.  
 
Соёлын өв гэж юу вэ?
“Соёлын өв гэдэг нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах  байгаль, нийгэм,  түүх соёл,  урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдол бүхий өвийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Тэгвэл энэхүү өвүүдийг  дотор нь биет соёлын өв, биет бус соёлын өв гэсэн хоёр томоохон төрөлд хувааж үздэг. Биет соёлын өвд: Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөн биетээр оршиж байгаа дурсгалууд, Биет бус соёлын өвд: Хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг,  арга барил,  тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг хамааруулдаг байна.  
Завхан аймгийн хувьд байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой, хөшөө дурсгал, хот суурины балгас, хүн чулуу, хадны сүг зураг гэх мэт  соёлын биет  өвийн төрөл зүйлүүд мөн ардын гар урлал, дуу хөгжим, бүжиг, ерөөл магтаал гэх мэт биет бус соёлын хэлбэрүүд ч цөөнгүй бий. 2015 онд зохион байгуулагдсан  Завхан аймгийн үл хөдлөх дурсгалын улсын тооллогоор аймгийн хэмжээнд нийт 8934 хөшөө дурсгалтай. Үүнд буган чулуун хөшөө 195, Хүн чулуун хөшөө 143, Цулгуй хөшөө 47, Амьтны дүрстэй хөшөө 5, Гэрэлт хөшөө 6, Хадны зураг 85,  Хадны зосон зураг 3, Бичгийн дурсгал 17, Монголын үеийн булш 13, Хүннү булш 149, Шоргоолжин булш 191, Дөрвөлжин булш 18, Тахилын онгон 622, Сүм хийдийн туурь 33, Овоо 23, Бичгийн дурсгал 17,  Хиргисүүр 7367 байгаа бүртгэл байна. Эдгээр дурсгалууд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан Улс аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүрэн хамрагдсан байна. Аймгийн хэмжээн дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамгаалалтын бүс тогтоосон дурсгал байдаггүй байна. Эдгээр үл хөдлөх дурсгалуудаас хамгийн сүүлд олдсон томоохон хоёр дурсгал нь Шилүүстэй сумын нутагт орших  Шүүдийн агуйн булш. Энэ дурсгалаас 13-р зууны үеийн баатар эрийн хос гутал гарч ирсэн,  мөн Завханмандал сумын Агуйн цахирын хадны булшнаас 11-р зууны эмэгтэй хүний бойтгон гутал, модон сам, хайч, шөвөг, бортгон малгайны хэсэг гарч иржээ.  13-р зууны баатар эрийн хос гутал Үндэсний түүхийн музейд тавигдсан байгаа бол бусад олдворууд  соёлын өвийн төвд судлагдаж зарим нь  зарим нь сэргээн засварлагдаж байгаа юм. Мөн Тосонцэнгэл сумын Урд шивэртийд Хүннүгийн үеийн булш олдсон нь хараахан судлагдаагүй байна.
Эдгээр түүх  соёлын үл хөдлөх дурсгалуудаас Цэцэн-Уул сумын Шотойн дөрөвдүгээр багийн нутагт орших Янживын шилийн хүн чулуун хөшөөний  дүрслэл нь маш ихээр бүдгэрсэн, хугарч унасан, Цэцэн-Уул сумын нутагт орших Цэцэнхайрханы зүүн өврийн хүн чулуу толгой хүзүүгээрээ хугарсан, Нөмрөг сумын нутагт орших Ялаат нуурын буган чулуун хөшөө дурсгалуудыг сэргээн засварлаж, яаралтай хамгаалалтад авах шаардлагатай байна. Мөн дэд бүтэц аж ахуйн үйл ажиллагаанд өртөж Дөрвөлжин сумын Буурал багийн нутагт орших  Баян Айрагийн хадны зураг устаж үгүй болсоныг үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-аар сэргээн засварлуулах, хэрэв сэргээн засварлах боломжгүй болсон бол хариуцлага тооцох арга хэмжээ авах шаардлагатай байгаа ажээ.  
Өнөөдөр Завхан аймагт Ухаж тоногдсон болон эвдэж сүйтгэсэн дурсгалт газрын жагсаалтыг танд дэлгэрэнгүй хүргэе.
Д\д Сумын нэр Дурсгалт газрын нэр Тайлбар
 
1
 
Эрдэнэхайрхан сум
Тээлийн голын 2 хүн чулуун хөшөө Тахилын байгууламж нь ухагдсан
 
 
 
2
 
 
 
Цэцэн-Уул сум
 
 
Цэцэнхайрханы зүүн өврийн хүн чулуун хөшөө
Тахилын байгууламжийг ухаж хүн чулуун хөшөө нь арагшаа унаж хүн чулуу нь толгойгоороо хугарч шороонд булагдсан.
 
3
 
Баянхайрхан сум
Чандмань багийн 84 ширхэг зэл чулууны дурсгал Арын тахилын байгууламж нь ухагдсан
 
4
 
Цэцэн-Уул сум
Галуутайн хүрээний дээд талын зэл чулууны дурсгал Зэл чулууны тахилын байгууламж нь ухагдсан
 
5
 
Баянтэс сум
Зайгал баг Хөх хошууны боомын булшнууд Булшнуудыг ухаж тоносон \аймгийн хамгаалалтанд байсан\
6 Тэс сум Баян-Уул багийн Гандангийн хийдийн туурь Туурийг ухсан
7 Цагаанхайрхан сум Айраг багийн Дуутын хүрээний туурь Хүрээний туурийг ухсан
8 Алдархаан сум Өгөөмөр багийн Повронгийн цайзын туурь Цайзын туурийг ухаж тоносон
 
Эдгээр дурсгалуудын бодит байдлыг судлан баримтжуулж, яаралтай сэргээн засварлах шаардлагатай байна. Түүнчлэн аймгийн хамгаалалтад авах шаардлагатай дурсгалт газрууд ч байна. Тодруулбал Цагаанхайрхан сум Баянбулаг баг Шороотын улааны Буган чулуун хөшөөний цогцолборт газар, Тэс сум Зүрийн овооны Түрэг бичээс, Тэс сум Нисэхийн сүмийн туурь, Нөмрөг сум Байшинтын агуйн хадны Зосон зураг, Их-Уул сум Овоотын Хүннү булшны цогцолборт газар гэх мэт юм.
Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалын 2015 оны улсын үзлэг тооллогоор нийт 222 үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэл хийсэн байна. Аймгийн хэмжээнд байгаа соёлын үл хөдлөх дурсгалуудаас Яруу сумын нутагт орших  Түрэгийн үеийн хүн чулуу, Тэс сумын нутагт орших Буган чулуу, Их-Уул сумын нутагт орших Түрэгийн үеийн Мэлхий чулуу, Алдархаан сумын нутагт орших Хатавчийн амын хүн чулуун дурсгалууд хайс хамгаалалттай байгаа бөгөөд бусад дурсгалууд хайс хамгаалалтгүй байгааг яаралтай хамгаалалттай болгох мөн эдгээр дурсгалуудын хайс хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах шаардлагатай байна.  Улиастай хот дахь хөшөө дурсгал, суваргыг тоолох, нэгдсэн бүртгэл хийх, тайлбаржуулах, гадна тохижилтыг сайжруулах ажлыг нэн тэргүүнд эхлүүлэн ажиллахаар төлөвлөж буйгаа аймгийн БСГ-ын соёлын өвийн мэргэжилтэн дуулгалаа. Мөн  24 сумын төвүүдэд байгаа хөшөө дурсгалуудыг тоолох, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгож  баримтжуулах, хөшөө дурсгалын хажууд мэдээллийн самбар байршуулах ажил Завханд дутмаг байна.  Үүний тод жишээ нь өнгөрсөн 2016 оны тавдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга барихаар ухсан шорооноос иргэд маш олон олдворуудыг олсон. Гэвч тэдгээр олдворууд хувь хүмүүсээр дамжин худалдаалагдаж баримтжуулалт хийгдээгүй, мөн олдворыг судлах нөхцөл бололцоо бүрдээгүй. Эдгээр олдворуудыг дахин судлах, иргэд, хувь хүмүүстэй биечлэн уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, нэн ховор олдворуудыг үнэлгээ тогтоон худалдан авч холбогдох сан хөмрөгт бүртгүүлэх гээд дээд шатны байгууллагад мэдэгдэх зэрэг ажлууд огт хийгдээгүй нь сурвалжлагын явцад мэдэгдэж буй нь эмгэнэлтэй байна.
Мөн аймгийн аялал жуулчлалын маршрут дахь хөшөө дурсгалуудыг хаягжуулах,  соёлын дурсгалыг хамгаалсан анхаарлын тэмдэг байршуулах,  тэмдэг тэмдэглэгээ, тайлбар ч манай аймагт байхгүй байна.  

Завханд 460 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч байна
Түүнчлэн Завхан аймгийн хувьд 2016 оны хамгийн сүүлийн байдлаар 460 СББӨ-ийг өвлөн уламжлагч байгаа гэж  бүртгэгдсэн байна. СББӨ-ийг өвлөн уламжлагчид  насны хувьд 20-85 насны хүмүүс байгаа бөгөөд талаас илүү хувь нь 60-80 насны хүмүүс байгаа нь хойч үедээ өвлөн уламжлах асуудал орхигдсоныг харуулж байна. Аймгийн хэмжээнд  СББӨ-ийн өвлөн уламжлагчдын  дэлгэрэнгүй судалгаа 2014 оноос хойш бүрэн шинэчлэгдээгүйгээс гадна Улиастай сумын ард иргэдийг  соёлын биет бус өв тээгчдийн нэгдсэн  судалгаанд бүрэн хамруулаагүй, цахим хэлбэрт шилжих ажлыг эхлүүлээгүй, Соёлын биет бус өвүүдийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авьяастнуудыг ангилан нэгдсэн бүртгэлд оруулах ажлыг нэн даруй эхлүүлж сумдын музей техникийн ажилтнуудад энэ талаар мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгөх асуудал тулгарч байна. Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын нэгдсэн бүртгэлийг хийхдээ ард олны дунд байгаа орхигдож мартагдсан өвүүд, ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн зайлшгүй хамгаалах шаардлагатай өвүүдийг бүртгэл мэдээллийн санд бүртгэж иргэд олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй юм. Одоо байгаа бүртгэл мэдээллийн санд байгаа өвлөн уламжлагчдыг шинэчлэх, баяжуулах,ангилах, дэлгэрэнгүй мэдээллийг бий болгох хэрэгтэй байгаа талаар ч соёлын өвийн мэргэжилтэн өгүүлж байна. Тиймээс аймаг орон нутгаас бодлогоор дэмжин аймгийн Боловсрол соёл урлагийн газар соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран музейн үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, үйл ажиллагааг   дэмжих, соёлын өвүүдийн хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, соёлын биет бус өв тээгчдийн аудио, видео дүрс бичлэгийг хийж баримтжуулан бүртгэл мэдээллийн санг шинэчлэх. Иргэдийн гар дээр байгаа соёлын хөдлөх дурсгалуудыг бүртгэх,  мэдээллийн сан бүрдүүлэх, коджуулах, хосгүй ховор үзмэрүүдийг музейн сан хөмрөгт авах, үнэлгээ тогтоох, соёлын өвийн дурсгалуудыг шинээр олж тогтоох, соёлын өвийн хосгүй үнэт төрөл зүйлүүдэд нууцлалын зэрэглэл тогтоох зэрэг ажлыг яаралтай хийх шаардлага байгаа нь сурвалжилгын явцад харагдаж байна.
Б.Мягмарсүрэн


Монгол брэнд