top banner
Шуурхай мэдээ

Дундговь аймгийн МСҮТ 5 төрлийн мэргэжлээр шинэ анги нээжээ


2017-09-12 13:12:10
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МСҮТ 44 дэхь хичээлийн жилээ эхлүүлээд байна. Тус сургууль энэ жил 5 төрлийн мэргэжлээр шинэ анги нээж байгаа бөгөөд нийт 18 мэргэжлээр 445 оюутан элсүүлж сургана. Өнөөдрийн байдлаар элсэлт 60 гаруй хувьтай байна.

Тус сургууль барилгын мэргэжлийг төрөлжүүлж олгодог хэдий ч орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг судалсаны үндсэн дээр өөр бусад мэргэжлийн ангийг нээдэг. Энэ хичээлийн жилд цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, малын асаргаа, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилчин, газар тариалан, фермерийн аж ахуйн ажилчин, цэцэрлэгийн туслах багш гэсэн 5 төрлийн мэргэжлээр шинэ элсэлт авч эхэлсэн байна.  

Дундговь аймгийн 15 сум тус бүр нэг, аймгийн төвд 6 шинэ үйлдвэрийг ойрын 3- 4 жилд бий болгох зорилтыг аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан. Чухам ямар үйлдвэр байвал сум орон нутагт тогтвортой хөгжих боломжтой вэ гэдгийг  тодорхойлоход хөдөө аж ахуйн салбарыг түшиглэсэн үйлдвэр илүү тохиромжтой хэмээн олонхи бизнес эрхлэгчид үзсэн юм билээ. Аймгийн бодлого ч үүнд чиглэж байгаа. Үүнийг мэргэжил олгох ангиа нэмэгдүүлэхдээ бид бодолцож үзээд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, газар тариалан, фермерийн аж ахуйн ажилчны ангийг нээсэн юм. Цаашид үйлдвэрлэлүүд бий боллоо гэхэд ажиллах хүн нь бэлэн байж байг гэсэн зорилгыг манай сургууль тавьж байгаа юм” хэмээн МСҮТ- ийн Сургалтын албаны менежер Ж. Эрхэмбаяр тодотгон хэллээ.

Дээрхи мэргэжлийн ангиуд нэг жилийн сургалттай. Анги тус бүрт 15 оюутан элсүүлэх юм байна.  Одоогоор малын асаргаа, газар тарилан,фермерийн аж  ахуйн ангид бүртгүүлсэн оюутан байхгүй, бусад ангид элсэгчдийн тоо гүйцэж байгаа гэв.

 Т. Отгонтуяа

Монгол брэнд