top banner

Соёлын өвийн талаарх ойлголтыг иргэдэд хүргэх асуудлаар сэтгүүлчдийг сургаж байна


2017-09-12 13:54:51
Зураг
Завхан /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Соёлын өвийн төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төв болох Ази Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр Дархан хотод энэ сарын 11-наас 15-ны өдрүүдэд “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалт болж байна.

Сургалтад үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 45 сэтгүүлч хамрагдаж байна. Энэхүү сургалт нь ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчилах, алдаршуулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэх зорилготой ажээ.
Энэхүү сургалтад ЮНЕСКО-гийн итгэмжит зөвлөх багш нарын баг хичээлийг голлон явуулж Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол Улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол Улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Сургалтад оролцогчид таван өдрийн турш таван бүлэгт хуваагдан, гар урлал, ардын язгуур урлаг, байгаль цаг уурыг шинжих уламжлалт мэдлэг, уламжлалт анагаах ухаан, цагаан идээ боловсруулах уламжлалт технологи, мал аж ахуйн чиглэлээр өвлөн уламжлагч нарыг тулгуурлан дадлага ажлыг нүүдэлчдийн соёлын ахуй, орчин нөхцөлтэй нь уялдуулан хийх юм.
Дашрамд дурдахад, сургалтын дадлага ажлыг Дархан хотоос 30 гаруй километрт орших “Зулзага”-ын голын сав дагуу газарт амьдардаг найман үндэстэн ястны амьдрал аж ахуй, ёс заншилтай танилцаж, соёлын биет бус өвийн талаарх мэдээллийг газар дээрээс нь авч бүтээл болгох арга туршлагад суралцаж буй нь онцлог болж байна. Түүнчлэн сургалтаар соёлын биет ба биет бус өвийн талаарх онцлог ялгаа, соёлын биет бус өвийг тогтвортойгоор өвлүүлэн уламжлуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ямар үүрэг оролцоотой оролцох талаарх мэдлэг мэдээллийг авч БНХАУ, Энэтхэг, Тайланд гэхчлэн олон улсын сэтгүүлчдийн туршлагаас суралцлаа.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд