top banner
Шуурхай мэдээ

"Тулга жаргалант" ХХК-ний үйл ажиллагааг зогсоохоор боллоо


2017-09-12 18:17:50
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн 3 дугаар багийн Их дугуй хэмээх газарт уул уурхайн олборлолт явуулахгүй, Тулга жаргалант ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардсан иргэдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч уулзлаа.

Уулзалтад холбогдох газрын дарга нар, тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд байлцав. Тулга Жаргалант ХХК нь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ба уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутаг, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч ААН, хувь хүнтэй ямар ч харилцаатай байсан эвсэж ажиллахгүй байгаа гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Тус багийн иргэдтэй Засаг дарга уулзах үеэр зарим бүлэг нөхөд нутгийн иргэдийн эсэргүүцлийг санаатайгаар өөгшүүлж, өдөөн турхирч аймгийн Засаг даргын хувь эзэмшдэг уурхай мэтээр гүтгэлэг тарааж иргэдийг төөрөгдөлд оруулжээ. Сумын хоёр удирдлага нь ажил төрөлтэй гэж алга болчихоод бухимдаж уурссан иргэдээ тус уулзалтад иржээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2006 онд Л.Чинбат захиралтай Гачуурт ХХК-нд MҮ-011917 тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон байж. Улмаар олборлолт, үйл ажиллагаа явуулаагүй өнөөг хүрсэн ба уг лицензээ 2017 онд эрх шилжүүлэн Тулга жаргалант ХХК-д өгчээ. Эрхээ авсан компани үйл ажиллагаагаа явуулахаар болоход Галуут сумын ард иргэдийн эсэргүүцэлтэй ийнхүү тулсан байна. Нутгийн иргэдийн санал гомдлын дагуу төрийн байгууллагууд зохих шатны арга хэмжээг удаа дараа авсан байдаг бол аймгийн ИТХ-аас дээрх MҮ-011917 тоот тусгай зөвшөөрөлтэй ААН-ийг ажиллуулахгүй байх хүсэлтээ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өнгөрөгч наймдугаар сард явуулсан аж.

Өнөөдөр аймгийн Засаг дарга нутгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь нэг бүрчлэн сонссоны эцэст Тулга жаргалант ХХК-ны үйл ажиллагааг таслан зогсоох, Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их Дугуйд ажиллуулахгүй байх захирамж гаргахаар боллоо. Гэвч энэ компанийг ажиллуулахгүй гээд явуулчихсаны дараа нутгийн иргэд баялагт шунан, дураараа тэр хавийн газар нутгаа юу ч үгүй ухаж сэндийлээд хаячихвий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ Засаг дарга хэлээд иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд энэ газар нутагтаа анхааралтай хамгаалалттай байхыг анхааруулав.
Сонирхуулахад, Иргэд энэхүү А лицензийг бүрмөсөн цуцлах хүсэлтэй байгаагаа уг уулзалтад оролцсон албаны хүмүүст дуулгасан. Харин А лицензийг цуцлах асуудлыг аймаг шийдэх эрх байхгүй, ямар үед А лицензийг цуцладаг талаар Засаг дарга тайлбар хийж тэрхүү таван заалтыг заалт бүрээр нь уншиж танилцуулав.
                                                                                                                      Б.Мөнхзул

Монгол брэнд