top banner

Н.Ундрал: “Сайхан ч юм даа монгол хүн болж төрөх”


2017-09-12 18:19:45
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хан Хэнтийгээр овоглосон авьяаслаг уран бүтээлчдийн залгамж халаа болох залуу дуучин Нарангэрэлийн Ундралтай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна. Түүний хамгийн сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл “Сайхан ч юм даа монгол хүн болж төрөх” дуу мэндлээд удаагүй байгаа ч хэдийнээ олон хүний сонсох дуртай дуунуудын нэг болоод байгаа билээ. 

-Сайн байна уу? Уран бүтээлийн олз омог арвин биз ээ. Энэ зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэв?
-Сайн байцгаана уу. Хэнтийн мэдээ сониноороо дамжуулан Хан Хэнтий нутгийн зон олонтойгоо уулзан мэндчилж байгаадаа баяртай байна. Миний хувьд ажил ихтэй энэ зуныг өнгөрөөлөө. Сумдын наадмаар, хөдөөгүүр ажлаар их явлаа. Шинэ уран бүтээлээ саяхан өлгийдөж аваад, сонсогч олондоо хүргээд байна.

-Хамгийн сүүлд гаргасан шинэ уран бүтээлийнхээ тухайд?
-Сүүлийн дуу маань миний дүрсжүүлсэн 5 дахь уран бүтээл. “Сайхан ч юм даа монгол хүн болж төрөх” гэж хүн болгоны боддог бодлыг СГЗ Ш.Гүрбазар гуай маш сайхан буулгаж, аяыг “Морин хуур” наадмын 2 удаагийн тэргүүн байрын шагналт Ц.Эрдэнэбат гэж гайхалтай хөгжмийн зохиолч зохиосон. Аялгууг нь хүн бүр аялаад дуулчихаар энгийн хийсэн нь үнэхээр сайхан. Клипийг “2B” энтертайнментийн Баясаа хийж, дуу бичлэгээ байнга хамтарч ажилладаг “Анир” студид хийлгэсэн.

-Таны хувьд урын сандаа хэчнээн дуутай болоод байна? Хуучны дуунуудыг сэргээж дуулах, цоо шинэ уран бүтээл туурвих хоёрын дунд хэр ялгаа байдаг вэ?
-Уран бүтээл хийгээд 3 жил гаруй болж байна. Би уран бүтээлүүдээ дүрсжүүлэхдээ дууны санаа, дүрсээр дамжуулан хүмүүст мессеж хүргэж, санаа хөндье гэж боддог. Намайг ард түмэнд таниулсан анхны дуу болох “Урт наслаарай ээжээ” дуугаа дүрсжүүлэхдээ ээжийгээ оруулсандаа сэтгэлдээ их жаргалтай байдаг. Дараагийн “Сайхан монгол бүсгүй” дуу нь ажиллаж байгаа салбар бүртээ амжилт гаргаад явж байгаа бүсгүйчүүдийг сайхан бүсгүй гэж хэлнэ гэсэн утга санаатай. “Харц” дуу бол хуучны дуу. Тиймээс залуучууддаа өвлүүлж үлдээх, энэ сайхан дууг дахин хүн бүр аялаасай гэж хүсээд дуулсан. Харин сүүлийн клипний хувьд миний эмзэглэж явдаг асуудал байсан. Зарим залуучууд маань Монголоо алдаж, монгол хүн гэж бахархах зүйлүүд мартагдаж байгаа юм болов уу гэж би боддог. Тиймээс ч эх орноороо бахархах дуунууд миний урын санд олон бий. Ер нь хуучны дууг бага сэргээн дуулж, аль болох шинэ уран бүтээл хийх хэрэгтэй болов уу. Гэхдээ мартагдсан тэр сайхан дуунуудыг залуучууддаа үлдээх, мэддэг хүмүүст сануулах, дурсамжийг сэргээх бодлын үүднээс дуулах нь нэг талаараа зөв байх. Миний урын санд нийтдээ 20-иод уран бүтээл байгаа.

Шинэ уран бүтээл гаргахад мэдээж нэлээд цаг хугацаа, хөрөнгө санхүү, олон хүний хөдөлмөр зүтгэл ордог байх?
-Тэгэлгүй яахав. Шинэ уран бүтээл гаргахад цаг хугацаа маш их ордог. Жишээлбэл, “Сайхан ч юм даа монгол хүн болж төрөх” гэдэг дууг би сургууль төгссөнөөсөө хойш бодож, боловсруулж явсаар байгаад одоо дуулж байна. Тохирол нь, санхүү нь бүрдэж өгөхгүй яваад л байдаг. Ер нь бол ямар дуу дуулах уу, бүтээлээ яаж чанартай хийх вэ гээд байнга л бодоод явж байдаг. Уран бүтээлүүдээ нэг адилхан хэв маягтай, өнгө аястай гаргахыг боддоггүй. Уран бүтээл хийхэд маш их хөрөнгө санхүү ордог. Уран бүтээлд хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн найруулга хийдэг хүн, бакал хийдэг хүмүүс, клипэнд орж байгаа хүмүүс, надад тусалж дэмжиж байгаа хүмүүс гээд маш олон хүний хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг.

- Нийтийн шилдэг 10 дууны жагсаалтад таны дуунуудаас багтсан харагддаг. Уран бүтээлүүдийн тань хэдэн хувь нь шилдэг дууны жагсаалтад ороод байна?
-Шинэ уран бүтээл маань олон түмэнд хүрээд удаагүй байна. Өмнө нь гаргаж байсан уран бүтээлүүд маань бүгд энэ жагсаалтад орсон байдаг.

- Таны уран бүтээлүүд ар араасаа гарах тусмаа чанаржаад байгаа санагддаг шүү. Таны уран бүтээлийн хамгийн ойрын зөвлөгч, туслагч хэн бэ?
-Надад тусалж, зөвлөдөг олон хүн бий. Нутгийнхантайгаа их ойр байдаг. Ялангуяа, Чинболор ах, Бичүү ах, уран бүтээлч найзууд, Анир студийн Алтанхуяг ах, хөгжмийн зохиолч Эрдэнэбат ах гээд маш олон хүнтэй найзалж нөхөрлөдөг учраас тэд маань бүгдээрээ зөвлөж, тусалдаг. Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Жаргалсайхан ах “Сайхан монгол бүсгүй” дууг зохиож өгсөн. Жагаа ах маань зохиосон дуугаа ихэнхдээ өөрөө дуулдаг. Гэхдээ өөрийнхөө зохиосон дуунуудаас 3 дуучинд дуу өгсөн байдгийн нэг нь би. Дэмжиж, тусалж байгаагийн нэг илрэл нь гэж бодон, үнэхээр их баярладаг. Энэ дашрамд миний уран бүтээлийг дэмжиж сонсдог нутгийн зон олондоо, дуучны анхны гарааг минь тавьж өгсөн П.Мөнхсайхан багшдаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Та уран бүтээлийн ямар нэг нэгдэлд харъяалагддаг уу, спонсортой юу? Нийтийн дуучдаас ялгарах таны онцлог гэвэл?
-Монголын дуучид ер нь бор зүрхээрээ явж байгаа чөлөөт уран бүтээлчид. Би уран бүтээлүүдээ гаргахдаа ивээн тэтгэгч, спонсор гэж явж үзээгүй. Өөрийнхөө цалин хөлс, хөдөлмөрөөрөө л явж байна. Нийтийн дууг шинэлэг өнгө аястай байлгахыг эрмэлзэж, нийтийн, зохиолын дуу гэлгүйгээр сайхан монгол дуугаа дуулдаг хүн байхыг л би хүсдэг дээ.
-Сайн үйлсийн, хандивын гээд олон тоглолтод урилгаар оролцдог биз?
-Өвчтэй зовлонтой хүмүүст туслахын тулд би өөрөө санаачилж 4 сайн үйлсийн ажил зохион байгуулсны 2-ыг нь нутагтаа хийж байсан. Ард олныхоо тус дэмээр эрүүл саруул болоод явж байгаа хүмүүсийг харахад сайхан байдаг. Иймэрхүү ажилд би гэлтгүй манай урлагийнхан бүгд оролцдог.
-Уран бүтээлчид кинонд тоглох, шоу менежер хийх гээд их олон төрлийн авьяастай байдаг.  Харин та телевизийн хөтлөгч болжээ?
-Арван жилийн сургуулиа төгссөнийхөө дараа Хөгжим бүжгийн коллежид орж, 5 жил суралцаад дуучин болж төгссөн. Төгсөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад 2 жил ажилласан. Дараа нь жаахан завсарлага авч нэлээд цаг хугацаа алдсан. Тэгээд үеийнхээ уран бүтээлчдийг харж хөглөгдөн, найз нөхдийнхөө зөвлөгөө, тусламж  дэмжлэгээр нэг л өдөр уран бүтээлээ хийе гэсэн зориг ороод л эхэлсэн дээ. Би амьдралаа найз нөхөдгүйгээр төсөөлдөггүй. ТВ5 телевиз “Үл тасрах аялгуу” төсөлд хамтарч ажиллах санал тавьсан. ТВ5 телевиз бол миний хамтарч ажилладаг байгууллага, маш сайхан төсөл байсан учраас би дуртай зөвшөөрсөн.

-Авьяаслаг уран бүтээлчийг төрүүлж өсгөсөн ээж, аавын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний аав Содномдашийн Нарангэрэл гэж Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш хийж насаараа урлагаар явсан хүн байсан. Би аавыгаа 2003 онд 10 дугаар ангидаа алдсан. Миний ээж насаараа багшилсан Усняхын Мөнгөнцэцэг гэж сайхан эмэгтэй бий. Ээждээ маш их хайртай, ээжийнхээ ачийг хариулахыг хичээж явдаг даа.

-Ээж хүн эмэгтэй хүн гээд ярьснаас танд ямар бүсгүйчүүд таалагддаг вэ? Эмэгтэй хүний ямар занг илүүтэй хүндэтгэдэг вэ?
-Аливаа шийдвэр гаргахад эрэгтэй хүнийг чиглүүлэгч гэж ярьдаг учраас эмэгтэй хүн боловсролтой байх ёстой. Заавал эрдэм номын боловсрол биш, гэр бүлийн, амьдралын боловсролтой байх хэрэгтэй болов уу. Ухаантай эмэгтэй хүн эр хүний ард бат зогсож чаддаг гэж боддог.

-Уучлаарай таныг найз бүсгүйтэй болсон гэж сонссон. Танилцуулж болох уу? 
-Тиймээ. Одоохондоо нууц байлгая аа. /инээв/

-Бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт, цомгоо хэзээ гаргахаар төлөвлөж байна даа?
-Харин миний эргэн тойрныхон, найз нөхөд маань цомгоо гаргаач, тоглолтоо хийгээч гэж их санал тавих боллоо. Би бодож төлөвлөж байгаа. Ирэх 10 дугаар сарын сүүлээр хайрын тухай дуу, нэгдүгээр сарын эхээр эмэгтэй уран бүтээлчтэй хамтарч нэг уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Ирэх хавраас тоглолтоо хийх санаатай байна. Тоглолтоосоо өмнө цомгоо гаргана даа.

-Таны уран бүтээл олз омгоор арвин байж, олон түмэндээ хүндлэгдсэн алдартай дуучин болохыг хүсэн ерөөе. Тун удахгүй таны шинэ уран бүтээл, шинэ цомог, шинэ тоглолтоор эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлье.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Д.Одонтунгалаг


Монгол брэнд