top banner
Шуурхай мэдээ

Нялхсын эндэгдлийн голлох шалтгаан амьсгалын замын өвчин болжээ


2017-09-12 19:43:52
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар Дундговь аймагт нялхсын эндэгдлийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Ослын улмаас  хоёр хүүхэд эндсэн бол бусад тохиолдол нь амьсгалын замын өвчний хүндрэлээс шалтгаалжээ. Мөн эдгээр шалтгааны улмаас 1- 5 насны хүүхдийн хоёр эндэгдэл гарсан байна.
Аймгийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тоон мэдээг энэ оны 8 сарын байдлаар танилцуулсан юм. Хүн амын нас баралт, халдварт өвчин буурч, эхийн эндэгдэл гараагүй эерэг үзүүлэлтүүд Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарт  байна. Нялхсын болон 1- 5 насны хүүхдийн эндэгдлийн дээрхи тохиолдлыг ч өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад 6 тохиолдлоор буурсан үзүүлэлт болжээ.
Хүн амын нас баралт урьд оны 8 сарынхаас 30 гаруй тохиолдлоор буурсан байна. Гэхдээ нас баралтын шалтгааны хамгийн өндөр  хувийг хорт хавдар, осол гэмтлийн шалтгаан эзэлсэн хэвээр байна. Осол гэмтэл дотор зам тээврийн ослоор нас барсан 10 тохиолдол бүртгэгдсэн нь урьд оныхоос буураагүй. Мөн хорт хавдрын өвчлөлийн 55 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь буураагүй үзүүлэлт болжээ.
Халдварт өвчний хувьд, өнгөрсөн оны энэ үеийнхээс 145 тохиолдлоор буурсан үзүүлэлт гарсан байна. 10 мянган хүнд ногдох халдварт өвчин 75 болж буурсан боловч амьсгалын замаар дамжих халдвар, бэлгийн замаар дамжих халдвар халдварт өвчний дунд эзлэх хувь өндөр  хэвээр байгааг тоон мэдээнд дурьджээ.
Оны эхний 8 сард аймгийн хэмжээнд 577 эх амаржиж, шинэ иргэд мэндэлсэн байна. Төрөлт урьд оныхоос 80 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт мөн гарчээ.
 
 Т. Отгонтуяа

Монгол брэнд