top banner
Шуурхай мэдээ

Гар утсаар дамжуулан малын байршлыг тогтоох төхөөрөмж нэвтрүүлнэ


2017-09-13 11:47:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт тоног төхөөрөмжийг харилцан солилцох зорилго бүхий “Нэг бүс-Нэг зам хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах нь" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ.
БСШУЯ-наас 2015 онд БНХАУ-тай хамтран дэвшилтэт тоног төхөөрөмж харилцан солилцох чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх санал гаргасан байна. Энэ хүрээнд 2015, 2016 онд Монголын эрдэмтэд БНХАУ-д айлчлал хийж, төсөл хэрэгжүүлэх салбараа тодорхойлжээ.Нүүдэлчин соёлтой Монголчуудын хувьд хөгжлийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй тул энэ салбарт төсөл хэрэгжүүлэхээр хоёр талын эрдэмтэн судлаачид тохирч, төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Бэлчээр хамгаалах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашиг шимийг дээшлүүлэх, цөлжилттэй тэмцэх зэрэг ажлуудыг тусгасан энэхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм.

Хурлын үеэр хөндөгдсөн гол асуудал нь Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологи дамжуулах төв байгуулах асуудал байлаа. Уг төвийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг ӨМӨЗО-ны “Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологи дамжуулах төв”-ийн дарга И.Цогт хэллээ.
Тэрбээр, “Бидний зүгээс Монгол Улсад хэд хэдэн дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Гар утасаараа хиймэл дагуултай холбогдож, малын байршлыг тогтоох, бэлчээрийн ургамлын гарцыг хянах зэрэг төхөөрөмжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Монголын ШУА болон ХХААХҮЯ, БСШУЯ-ны харъяа судалгааны байгууллагуудад олон дэвшилтэт тоног төхөөрөмж бий. Эдгээр тоног төхөөрөмжийг нарийвчлан судалж, ӨМӨЗО-нд нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх болно” гэлээ.

ӨМӨЗО нь 130 сая гаруй толгой малтай бөгөөд бэлчээрийн даац ихээхэн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Тиймээс газар нутгийн байршил, ургамлын гарц зэргийг нарийвчлан судалж, нийт мал сүргийн 60 хувийг эрчимжсэн мал аж ахуйд шилжүүлэх зорилго тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, өвсний гарц багатай газарт эрчимжсэн мал аж ахуй, ургамал сайтай нутагт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлдэг байна. Монгол Улс ч энэ жишгээр мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ӨМӨЗО-ны эрдэмтэд зөвлөж байлаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд