top banner
Шуурхай мэдээ

П.Батбилэг: Торгон хилийн баганаас өөр хүндэтгэн дээдлэх бурхан шүтээн надад үгүй


2017-09-13 12:02:46
Зураг
“Сэтгүүлчид торгон хилд” аялалын хүрээнд “Гурван үеийн Гэрээт хилчдийн уулзалт- 2017” үйл ажиллагааг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Хилийн 0168 дугаар анги болох Сулинхээрийн отрядаас эхлүүлсэн билээ. Тус анги нь 2011 онд Гэрээт хилчдийн албанд бүрэн шилжсэн бөгөөд хилчдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг зохион байгуулж, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн амжилттай гүйцэтгэж буй юм. Ингээд тус отрядын дарга, хурандаа П.Батбилэгтэй уулзаж хөөрөлдсөнийг уншигчиддаа хүргэж байна.

-0168 дугаар анги Гэрээт хилчний албанд бүрэн шилжсэн Монголын цөөхөн отрядуудын нэг. Энэ цэг дээрээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Манай анги Гэрээт хилчний албанд 2011 онд бүрэн шилжсэн. Анх шинээр нэвтрүүлж байх үед энэхүү албаны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан нь үнэн. Харин өнөөдөр бол улам бэхжиж байна. 2011 оноос хойш манай отряд энэхүү албыг зохион байгуулах талаар Монгол Улсын Төрөөс баримтлах бодлого бичиг, Засгийн Газрын тогтоол, журам зэрэг эрх зүйн бичиг баримтуудад тусгагдсан заавар, заагдсан орчин нөхцөл, стандарт шаардлагыг ханган биелүүлэхэд чиглэгдсэн олон талт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Үе үеийн дарга нар маш нарийн тооцоолол гаргаж, сайхан зохион байгуулсаар ирсэн нь бидний хувьд бахархууштай явдал юм.



-Бидний зочлоод буй энэхүү анги маань мэдээж өмнөд хилийн ууган отрядуудын нэг учраас гэрээт хилчний албанд шилжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн үү. Ер нь 0168 дугаар ангийн онцлог, давуу тал нь юу вэ?


-Мэдээж тухайн ангийн онцлог, давуу талыг урьдчилан харж байж хилчний албанд шилжүүлэх асуудлыг анх гаргаж тавьсан нь тодорхой. Манай Сулинхээрийн отряд буюу хилийн 0168 дугаар анги нь 77 жилийн түүхтэй хил хамгаалах байгууллагын ууган отрядуудын нэг. Энэхүү урт удаан хугацааны түүхийн явцад отряд бүрэн бүрэлдэхүүнээрээ тухайн үеийн отрядын дарга Э.Халтарын удирдлага дор 1945 оны 8 дугаар сарын 9-ны өдөр тушаал хүлээн авч, байлдааны фронтын баруун жигүүр болон бие даан үүрэг гүйцэтгэж Өвөрмонголын 7 хошууг Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж байсан түүхтэй. Мөнхүү штабын даргаар нь Тухайн үед отрядын штабын даргаар ажиллаж байсан Ж.Ядмаа гэх эрхэм одоо ч амьд сэрүүн буй. Ийнхүү удирдсан отряд нь байлдааны тушаалыг нэр төртэй биелүүлээд ялсан цэргийн цог хийморь, сүр хүчийг бадруулан эх орондоо буцаж ирсэн байдаг. Ийм л баатарлаг түүхийн эзэд гэдгээрээ бид бахархдаг.

-Хугацаат цэргийн албан хаагчдаас илүүтэйгээр гэрээт хилчний албанд шилжсэн нь хэр оновчтой зөв сонголт байв. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Шуудхан хариулахад Гэрээт хилчний албыг үүсгэн байгуулсан нь маш оновчтой ажил болсон. Ерөнхийдөө хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн “Гэрээт хилчин Гэрэлтэй алба” уриан доор цэргийн жинхэнэ албыг  найман сараас доошгүй хугацаагаар хаасан байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтанд бие даалган оролцуулж ирсэн гэдгийг уншигчид андахгүй мэдэж байгаа болов уу. Үүнээс хойш хэд хэдэн туршилтыг зарим нэг цэргийн анги дээр явуулсны үр дүнд хилийн отрядуудаас заримыг нь гэрээт хилчний албанд шилжүүлж эхэлснээр багагүй хугацааг үдэж байна. Тиймээс энэхүү алба нь хувь хүний төлөвшил, аж төрөхүйд хэрхэн эерэг өөрчлөлт авчирч буйг алба хашиж буй цэргүүд маань өөрсдөө хэлэх байх. Ямартаа ч Гэрээт хилчний албыг үүсгэн байгуулж журмын дагуу хэрэгжүүлснээс хойш хил хамгаалалтын үр дүн дээшилсэн үзүүлэлттэй төдийгүй хил хамгаалах байгууллагад Гэрээт хилчний албыг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээний эерэг үр дүн гарч байгаа. Байнгын бэлтгэлтэй Гэрээт хилчдээр алба хаалгаж эхэлснээр хил хамгаалалтыг оновчтой зохион байгуулж, албаны үйл ажиллагаа мэргэшиж, хилчдийн дадлага, чадвар, мэдлэг сайжирч байна. Мөнхүү Гэрээт хилчид маань цаашид бие даан сурч, өөрийгөө боловсруулахад илүү анхаарч Хилийн албаны сургууль болон ОХУ-н Хилийн цэргийн дээд сургуульд суралцах, хил хамгаалах байгууллагад ахлагчаар улиран ажиллах бүрэн эрхтэй болсон.

-Гэрээт хилчний алба нь хугацаат цэргийн албан хаагчдаас юугаараа онцлогтой вэ?

-Мэдээж энэ хоёр албанд зүтгэж буй залуучууд маань “цэрэг” гэх тодотголыг зүүж яваа. Тиймээс хийж гүйцэтгэх ажил, цэргийн хүний биелүүлэх үүрэг даалгавар зэрэг зарчмын хувьд ялгарах зүйлгүй. Гол нь хойшид гарах үр дүн, тухайн үед үүсэх олон талын эрсдэл зэргийг харж үзэхэд гэрээт хилчний алба нь хувь илүү гэдэг нь үйл ажиллагааны явцад батлагдаж байгаа. Энэ албанд “Чи заавал цэрэгт явах ёстой, эр цэргийн алба хаасан байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаггүй. Жинхэнэ цэргийн албыг 8 сараас доошгүй хугацаагаар хаасан, 18 нас хүрсэн төдийгүй бүрэн дунд боловсролтой иргэн өөрийн хүсэлтийн дагуу элсэн ордог. Нэг жишээ дурьдахад л гэрээт хилчид маань жинхэнэ цэргийн албан хаагчдын адил хоолонд орохдоо жагсч явах шаардлага байхгүй ч гэлээ бүх юм дүрмийн дагуу их энгийнээр явагддаг. Тиймээс ч жилээс жилд гэрээт хилчний алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байна.

-Энэхүү албыг хааж буй хүмүүс маань цалин хангамж авдаг. Мөнхүү тусгайлан хангалт эдэлдэг гэсэн шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Алба хаахаар сонгогдсон залуус орчин үеийн тохилог байранд байрлаж, тодорхой нэр төрлийн хувцас, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Мөн хоёр жилийн хугацаанд алба хаах явцад Гэрээт хилчид маань  дансандаа 10 гаруй сая төгрөгийн хуримтлалтай болоод буцах боломжтой. Өөр нэг давуу тал нь алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцно. Энэ бүхнээс үзэхэд л олон талын боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн нь тодорхой харагдаж буй болов уу.



-2010 онд танай отрядыг нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан. Одоогоор отрядын бүтээн байгуулалтын ажил дууссан харагдаж байна. Гэхдээ хилчдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглүүлсэн олон үйл ажиллагааг шинээр эхлүүлсэн учраас дахин бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гэж сонссон...

-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумын төвөөс алслагдсан хэсэгт хил хамгаалалтыг зохион байгуулж байсан Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн байршуулах шийдвэрийг анх Монгол Улсын Засгийн газар 2010 онд гаргаж байсан. Ийнхүү сэргээн барих асуудлыг хил хамгаалах байгууллагад төрөөс үүрэг болгож өгсний дагуу үйл ажиллагаа эрчимтэй явагдаж бүтээн байгуулалтыг цогцоор нь хийж байна. Хилийн цэргийн 0119 буюу барилгийн анги бүтээн байгуулах ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Отрядыг Хатан булаг сумын төвд шилжин байршуулсанаар хилчид, тэдгээрийн ар гэрийн ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч байгаа бөгөөд төр, нийгмийн үйлчилгээ авахад амар хялбар болж, харилцан ажиллагаатай байгууллагуудын уялдаа, зам харгуй, шуудан, сургууль, цэцэрлэг зэрэг бүх зүйл цогцоороо шийдэгдэж байна. Мөн 96 айлын орон сууцийн барьж байгуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй айл байрандаа орж, тохижилтоо хийгээд, ар гэртээ санаа зоволгүй ажлаа эрчимтэй явуулж, сайхан амьдарч байна. Тиймээс алс хязгаар нутагт хилчид үүрэг гүйцэтгэж ажиллах, амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлж өгч буйгаараа давуу талтай. Цаашдаа хил хамгаалах байгуулах ийм хэмжээний тохижилт, соёлжилтийг бий болгож үйл ажиллагаагаа явуулвал хүмүүс хилийн заставаас зугтаж хот газар луу тэмүүлэх бус хил дээр тогвор суурьшилтай ажиллах орчин бүрдэнэ.

-Анх цэргийн амьдралд хэрхэн хөл тавьсан бэ. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөл дотроо тээж явсан уу, гэнэтийн шаардлагаар энэ зам руу орчихов уу?

-Миний хувьд бага наснаасаа цэргийн хүн болох юмсан гэх хүсэл мөрөөдлийг дотроо агуулж яваагүй. Ер нь тухайн үеийн нийгэм, улс төрийн байдал их донсолгоонтой цаг мөч байсан. Энэ шуурганд өртсөн, туулаад гарсан хүн бүхэн өөрийн хүслээр мэргэжил сонгож амьдрах, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөхөд нэн бэрх байсан. Харин тухайн цаг мөчид цэргийн сургуульд шалгалт өгсөн нь миний амьдралын хамгийн зөв, оновчтой шийдвэр байсан гэж би боддог. Ийнхүү шалгалт өгч тэнцээд Монголын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангийг хооронд нь ялгаж ч мэдэхгүй хүн анх энэ байгууллагын босгыг алхаж байсан. Хамгийн гол нь ямар ч эр хүнд хил дээр харуулд гарах, эх орныхоо дархан хилийн манаанд зогсоно гэдэг омогшил төрүүлэхүйц санагддаг. Тиймдээ хилийн цэргийн сургуульд 1997 онд элсэн орж байсан даа.

-Та сургуулиа төгсөөд Хилийн ямар ангид хувиарлагдаж байсан бэ. Ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхлэв?

-Сургуулиа төгсөөд ажил амьдралынхаа гарааг Дорнод аймгийн Халх голын отрядаас эхэлсэн. Тэнд 7 жил ажилласны дараагаар ОХУ-ын “Холбооны аюулгүй байдлын Хилийн албаны академи”-д суралцаж төгссөн. Сургуулиа төгсч ирснийхээ дараа Сэлэнгийн отряд буюу Хилийн 0243 дугаар ангид хоёр жил штабын даргаар ажилласан. Мөн ОХУ-ын “Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн академи”-д суралцах боломж олдосноор 2011-2013 онд суралцаж дүүргэсэн. Дараагаар Увс аймгийн Баруунтуруунд 0311 дүгээр ангийн штабын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Үүнээс хойш Дорноговь аймгийн чиглэлд томилогдож Сулинхээр отряд буюу одоогийн байрлаж буй ангийнхаа даргаар ажиллаад 3 жил болох гэж байна даа.



-Эх орон, “торгон хил” гэх ойлголтыг өөрийнхөө хувьд хэрхэн тодорхойлох вэ?


-Олон жил Хилийн цэргийн албанд зүтгэсэн болоод ч тэр үү торгон хилийн зурвас, баганаас өөр хүндэтгэн дээдлэх бурхан шүтээн надад үгүй. Хилийн баганаа хараад миний эх орон эндээс эхэлдэг, нүдээ өөр зүгт бэлчээхэд зах хязгаар нь үгүй уужим юм даа хэмээн дотроо уулга алддаг. Хилийн харуулд зогсч буй эр цэргүүдээрээ бахархаж, талын уужимд нар мандахад дотор минь амгалан болдог. Би ийм л сайхан гэрэлтэй албыг хашиж өдий хүрсэн, өдгөө хашиж яваа “хурандаа”  цолтой хилчин хүн дээ.
 
Ярилцсан: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр 

Монгол брэнд