top banner
Шуурхай мэдээ

Хог хаягдлыг баялаг болгох зохистой менежментийг бий болгоно


2017-09-13 12:09:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж, иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна.

Тиймээс хог хаягдлыг ангилан ялгах, устгах болон дахин боловсруулах зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Уг хуулийг иргэд болон төрийн албан хаагчдад сурталчлан танилцуулах, эрх үүргийг нь таниулах шаардлага тулгараад буй юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-наас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хог хаягдлын талаар хууль, эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт семинар зохион байгуулав.

Олон улсын түвшинд хог хаягдлын цогц менежментийг бий болгон, хог хаягдлыг дахин боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх бодлого барьдаг. Иймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн болон Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан юм. Уг хууль хог хаягдлыг баялаг болгох зохистой менежментийг бий болгож, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилготой.  Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулна. Түүнээс гадна хуульд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаарлагыг нарийвчлан тусгасан байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд