top banner

Ан Сан Су Чи рохинжачуудтай холбоотойгоор НҮБ-ын чуулганыг өнжихөөр болжээ


2017-09-13 12:29:36
Зураг
ЯНГОН. /Aнадолу/. Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудыг хавчин гадуурхаж байгааг зогсоох арга хэмжээ авахгүй байна гэж олон улс шүүмжлэх болсонтой холбоотойгоор тус улсын удирдагч Ан Сан Су Чи удахгүй болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох төлөвлөгөөгөө цуцалсан тухай Туркийн “Aнадолу” агенгтлаг мэдээллээ.
 
Мьянмарын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Кяв Зея мягмар гарагт дотоодын сэтгүүлчдэдээ мэдэгдэл хийхдээ “Энэ сарын сүүлчээр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Ан Сан Су Чигийн оронд Дэд ерөнхийлөгч Хенри Ван Тио оролцоно” гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь ярихдаа “Төрийн зөвлөх Ан Сан Су Чид анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй дотоод асуудлууд байна. Тиймээс Дэд Ерөнхийлөгч Хенри Ван Тио Мьянмарын төлөөлөгчдийг ахлан явна” гэсэн байна.

Рохинжачуудын эсрэг засгийн газрын цэргүүд хүч хэрэглэж байна гэх мэдээлэл гарах болсноор Ан Сан Су Чигийн 1991 онд авсан Нобелийн Энх тайвны шагналыг хурааж авахыг сүүлийн үед  уриалах болсон юм. 
 
Мьянмар “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа явуулж байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн саяхан мэдэгдсэн билээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 25-наас хойш Мьянмарын баруун нутгийн Ракхайн мужаас хөрш Бангладеш улс руу 370 мянга гаруй рохинжа хүн дүрвээд байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Рохинжа босогчдыг дарах ажиллагаа нэрийн дор Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн болон буддын шашинтнууд энгийн номхон рохинжачуудыг эр эм, хөгшин залуу гэж ялгалгүйгээр хөнөөж, гэр орныг нь тонож, тосгодыг нь галдан шатааж байгаатай холбоотойгоор рохинжачууд олноороо дүрвэсээр байгаа юм.

Бангладешийн мэдэгдсэнээр, Мьянмарын есөн цагдаагийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсантай холбоотойгоор Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн сарын сүүлчээр ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3000 орчим рохинжа хүн амиа алдаад байгаа аж.

Г.Доржханд
 

 

Монгол брэнд