top banner
Шуурхай мэдээ

Заамар сумын нутагт олгосон хайгуулын зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа


2017-09-13 13:27:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг “Түмэнгийн төрөлж” хэмээх газарт олгосон ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг цуцлахыг тус сумын ИТХ болон иргэдийн төлөөлөл Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас шаардлаа.

"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Төмстий багийн нутаг дэвсгэрт 15 мянга 541 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөшөөрлийг “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна. Уг зөвшөөрлийг цуцлахыг шаардаж, Заамар сумын дөрвөн багийн 800 гаруй малчин энэ сарын 07-нд “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” уриатай жагсаал зохион байгуулжээ.

Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Алт2” хөтөлбөр баталсантай холбогдуулж энэ  оны гуравдугаар сард “Заамар суманд шинээр хайгуулын лиценз олгохыг дэмжих эсэх саналаа ирүүлнэ үү” гэсэн албан тоот ирсэн. Үүнтэй холбогдуулж Заамар сумын Төмстий багт хайгуулын лиценз олгох саналыг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

Заамар сумын хойд хэсэг бүхэлдээ уул уурхайн бүс болсон тул манай малчид зөвхөн өвөр хэсэгтээ аж төрдөг. Төмстий баг бол Заамар сумын бэлчээрийн гол түшиц газар. Мөн малчдын өвөлжөө хаваржаанаас гадна түүхийн дурсгал ч олон бий. Тиймээс малчдын аж төрж буй гол түшиц газарт олгосон хайгуулын лицензийг хүчингүй болгохын төлөө тууштай тэмцэх болно” гэлээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд