top banner

М.Сарандаваа: Солонгос улс руу мал аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой


2017-09-13 14:02:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын 30 орчим компани МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд  бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж байна. Энэ жил  Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хоёр талын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран  "Солонгос улсын бараа бүтээгдэхүүн, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээжээ.

Тус үзэсгэлэнд  БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам,  Монгол Улс дахь Солонгос иргэдийн нийгэмлэг болон  Солонгосын бизнес эрхлэгчид оролцож байна.

МҮХАҮТ-ын дарга М.Сарандаваа ярихдаа, “Өнгөрсөн жил Солонгосын Ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр хоёр улсын хоооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үйл ажиллагааг эхлүүлэхээр болж судалгааны ажлыг явуулж байна. Тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын эдийн засагт 3-4 хувийн өсөлт авчрах боломж гэсэн  судалгааны  эерэг үр дүн гарсан. Энэ хүрээнд 25 багц бүтээгдэхүүний экспортын асуудлыг МҮХАҮТ-ын дэргэдэх судалгааны багийн зүгээс танилцуулсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдчихвэл хоёр орны бизнес эрхлэгчдийн хувьд маш том боломж нээгдэнэ гэж харж байна. Нөгөө талаас  Солонгосын бизнес эрхлэгчид манай улсын боломжид дөрөөлөн гуравдагч улсуудад бүтээгдэхүүнээ гаргах бололцоо бий.  Улмаар Монгол-Солонгос улс мэргэжилтэн солилцох,  мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтууд явж буй гээд хоёр орны харилцаа, нийгэм, эдийн засгийн салбарт өдрөөс өдөрт тэлж байгаа. Солонгос улс  интернетийн хурдаараа тэргүүлж байна. Жижиг гарааны бизнесийг хөгжүүлж эко систем тэлж байгаа гээд солонгосчуудаас суралцах зүйл их бий. Нөгөөтэйгүүр Солонгос улс газар тариалангийн орон. Тус улс  уламжлалт хэрэглээнээсээ татгалзаж малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол нь нэмэгдэж байна. Энэ хэрээрээ Солонгос улс руу мал аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг  манай улсаас импортлох сонирхол нэмэгдсээр байгаа. МҮХАҮТ-ын хувьд хоёр талын бизнесийн харилцаанд гүүр болох,  улмаар Солонгосын зах зээлд шаардлагатай бүтээгдэхүүний судалгааг гаргахаар ажиллаж буй юм. Цаашлаад Солонгост  зохиогддог технологийн үзэсгэлэнгүүдэд аж ахуйн нэгжүүдээ оролцуулах,  түнш олох гээд олон талт ажлыг өрнүүлж байна” гэв.

Жинан хотын Захиргааны ажилтан Со Ёон Вон: 

-“Жинаны хүн орхоодой Солонгос улсдаа алдартай.  30 мянган хүн амтай Жинаны хүн амын  50 хувь нь газар тариалан эрхэлдэг. Жинан дахь 120 компани  хүн орхоодойн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой. Дээрх компаниудын бүтээгдэхүүнүүдийг  магадлан итгэмжлэгдсэн албан ёсны лабораториор шинжилдэг. Эл үзэсгэлэнд  20 гаруй компанийн бүтээгдэхүүнийг  танилцуулж байна.  БНСУ-ын хамгийн анхны улаан хүн орхоодой үйлдвэрлэгч “Сун Хүасү” компанийн бүтээгдэхүүнийг монголчууддаа сурталчилахаар авчирсан. Тухайлбал хүний биеийг цэвэрлэх, амин дэм өгөх 6 настай хүн орхоодойн бэлдмэл, үрчлээний эсрэг, цайруулах үйлчилгээтэй маск, улаан хүн орхоодойн цай гээд 20 орчим бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“Prime One” компанийн ерөнхийлөгч Жүн Вү Ли:

- “Монгол Улс хэт хуурай уур амьсгалтай,  нарны тусгал хурц учир арьсанд гэмтэл их учруулдаг. Тиймээс бүх төрлийн харшлыг эмчлэх ургамалын гаралтай “Pure nature” тосоо сурталчилж байна. Энэ бүтээгдэхүүнийг манай эрдэм шинжилгээний ажилтнууд өөрсдөдөө туршиж хийснээрээ онцлогтой.  Гаж нөлөөгүй, ямар ч насныхан хэрэглэх боломжтой.  Мөн хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулах цинк, төмөр, кальцийг нөхөх, цус шингэлж цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Дашрамд дурдахад Монгол Улс  Солонгос  улстай 1991 онд Худалдааны гэрээ байгуулж байжээ.
 
Б.Заяа


Монгол брэнд