top banner

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад төр,эцэг эхчүүд хамтран ажиллахыг уриалав


2017-09-13 15:30:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил-хамгаалал” үндэсний форум боллоо.

Уг форумыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран зохион байгууллаа. Форумын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэдний оролцоог хангах, үр дүнтэйгээр дэмжих, энэ салбарт байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид болон төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ХНХЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-ны Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын төлөөлөгчид урилгаар ирсэн байв.
 
2016 оны Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 100 мянга 993 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүний 27 хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд эзлэж байгаа юм.

Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад төр болон эцэг эхчүүд хэрхэн хамтран ажиллах талаар ойлголт мэдээлэл, уриалгыг гаргасан ач холбогдол өндөр уулзалт болов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмээс тусгаарлах, нуух, хүүхдээсээ ичих асуудлууд гэр бүл, эцэг эхчүүдийн дунд нэлээд байгаа нь хүүхдийг хөгжих, сурах, нийгэмшихэд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ хандлагыг өөрчлөх, ялгаварлах үзлээс ангид нийгмийг бий болгохыг онцлов. Хүүхдүүд өөрсдөө санал санаалчлага гаргах, олон нийтийн оролцоог ч нэмэгдүүлэхийг чуулганд оролцогчид уриалсан юм.  

Тус форумын төгсгөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсан юм.

Д.Өлзий

Монгол брэнд