top banner
Шуурхай мэдээ

Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг нүүлгэн шилжүүлжээ


2017-09-13 16:29:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” тухай НЗД-ын захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерТ.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. Тэрбээр, “Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700, Сэлэнгэ аймаг руу 600, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгасан.” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 2061 га талбай бүхий11 байршил байгаа бөгөөд нийт 1550-2450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Танилцуулгын дараа Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсгийн дарга, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан харъяа байгууллагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, хориглосон бүс дэх мал, амьтныг 9, 10 дугаар сард багтан зөвшөөрлийн бүс рүү нүүлгэн шилжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо. Мөн нүүлгэн шилжүүлэх ажилтай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн газарт, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, НЗД-ын Нөөц хөрөнгөөс гаргахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үүрэгдэв.

Түүнчлэн мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт даалгав.

Ч.Ариунболд

Монгол брэнд